Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаас халдвар тархах өндөр эрсдэл бүхий аж ахуй нэгжүүдийг дахин 10 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цахим орчинд УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэл гаргаад байгаа билээ.
Мэдэгдэлд: “Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна гэсэн юм.
Ийнхүү аж ахуйн нэгжүүд Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлж,чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байгаа юм.
Тэгвэл уг асуудалд МХЕГ-аас “Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлчилгээний байгууллагуудад зөвлөгөө, зөвлөмж өгсөөр ирсэн. Гэвч нэг талаар зарим хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруугаас, нөгөө талд иргэдийн ухамсаргүйгээс үйлдлээс шалтгаалан халдвар тархах эрсдэлт нөхцөл байдал үүсэж байсан учир тавдугаар сарын сүүлээс эхлэн торгууль, шийтгэл ногдуулж байна. Өнөөдрийн тохиолдлын тухайд уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 15.2.1 болон 15.2.2 заалтаар хариуцлага тооцно” гэсэн тайлбар өгсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дугаар хэсэгт заасны дагуу гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан иргэн ААН байгууллагад 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 7-30 хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалттай байдаг ажээ.
Л.Баяр