Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс уртын ээлжээр ажиллах ажилтны ээлжээр ажиллах хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн хуулийн төслийн зарим заалтаар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатараас гаргасан саналуудаар дахин санал хураах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналыг шийдвэрлэсэн гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл нараас анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн ээлжийн амралтын хугацааг хатуу тогтоож ажлын 20 өдөр болгосныг ажлын 15 өдөр болгож, ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралтын өдрийг тооцдог байх зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг дахин хураалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд төслийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн “ажлын 20 өдөр” гэснийг “ажлын 15 өдөр” болгон холбогдох бусад заалттай нийцүүлэх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хариулт өгөв.
Үргэлжлүүлэн Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 22 саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Тухайлбал, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтыг “хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;” гэж өөрчлөн найруулах, төслийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг хасахыг тус тус дэмжив.
Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсгийг “Ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг ажил олгогч тооцож олгоно.” гэж, 92 дугаар зуйлийн 92.5 дахь хэсгийг “Энэ хуулийн 92.4-т заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болно.” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Түүнчлэн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн 99 дүгээр зүйлийн гарчгийн “Ээлжийн амралт” гэсний дараа “, түүний хугацаа” гэж, 99.3 дахь хэсгийн “ажилтны” гэсний өмнө “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж тус тус нэмж, 99.3 дахь хэсгийн “ажпын 20 өдөр” гэснийг “ажлын 15 өдөр” гэж, 99.4 дэх хэсгийн “ажлын 25 өдөр” гэснийг “ажпын 20 өдөр” гэж, 99.9 дэх хэсгийн “Төрийн албан хаагчийн ээлжийн” гэснийг “Ажил мэргэжлийн онцлогийг харгалзан” гэж тус тус өөрчилж, 99.8 дахь хэсгийг хасаж, мөн зүйлийн 99.5 дахь хэсгийг “99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралтыг олгохдоо 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр, 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр, 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр, 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр, 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр, 32 дахь жилээс ажлын 18 өдөр гэж” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, төслийн 99 дүгээр зүйлд 99.5 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 99 дүгээр зүйлд 99.5. буюу “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралт олгохдоо 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр, 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр,16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр, 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр, 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр, 32 дахь жилээс ажлын 14 өдөр.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр тусгасан байлаа.
Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсгийн “Ажил олгогч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 114.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг хасах, төслийн 166 дугаар зүйлийг 166.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “Төрийн албан хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралт” гэсэн 61 дүгээр зүйлийг хасаж, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаахаар боллоо.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.