Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаас халдвар тархах өндөр эрсдэл бүхий аж ахуй нэгжүүдийг дахин 10 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цахим орчинд УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд:
“Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нэлээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе” гэжээ.
Аж ахуйн нэгжүүд Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.
Л.Баяр