УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ковид-19”-ийн халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт эмлүүлж байсан бөгөөд өнөөдөр эдгэрч гарсан тухайгаа цахим хуудсаараа хуваалцлаа. Тэрээр хүмүүст өөрийн нөхцөл байдал, ажиглаж мэдсэн зүйлээ хуваалцан, дараах анхааруулгыг өгчээ.
Тэрбээр ” Эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлалаа
Ковидын хүндрэлээр эмнэлэгт 10 хоног хэвтээд, эмч, сувилагч нарынхаа ачаар илааршаад гэртээ гарлаа.
Эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн биеийн байдлаас нь шалтгаалаад хамгийн багадаа 10 хоногийн курс эмчилгээ хийгээд, шинжилгээ авсны үндсэн дээр гэрт нь гаргаж байгаа юм билээ.
Эмнэлэгт ковидын вирус нь уушги болон бусад эрхтэн системээ гэмтээж, үрэвсүүлээд 20 гаруй хоног эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь дээрдэхгүй байгаа хүмүүс ч байна.
Ковидыг даван туулж буй хүний хувьд та бүхэндээ анхааруулж хэлэх зүйлс байна.
- Юуны өмнө Ковид бол зүгээр нэг тусаад өнгөрдөг улирлын ханиад төдий зүйл биш гэдгийг маш сайн ойлгож, өөрсдийгөө сайтар хамгаалах хэрэгтэй байна. “Өвчин хуучгүй хүмүүст хөнгөн тусдаг тул Ковид тусаад өнгөрсөн ч яахав” гэх мэтээр тайвшруулсан хандлага хүмүүсийн дунд байгаад байна. Энэ бол маш буруу ойлголт, яаж ийж байгаад Ковид тусахгүй л байх хэрэгтэй байна.
- Хамгийн ноцтой нь энэ вирусээр өвчилж эдгэрсний дараа уушги, зүрх, тархи, элэг гэх мэт олон эрхтэнд хор урхаг үлдэж байгааг олон улсын анагаахын мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Ковид тусаад эдгэсэн хүмүүст түгээмэл илэрч байгаа ядрах, толгой эргэх, нүд бүрэлзэх, зүрх дэлсэх шинж тэмдгүүд надад ч гэсэн тод илэрч байна. Олон улсын судалгаа, сэтгүүлүүд дээр “Ковидын дараах хам шинж” хэмээх мэдээлэл гараад байгаатай яг адил шинжүүд байна.
- Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар “Дельта вирус” гэж мутацид орсон, халдварлах чадвар илүү өндөр хувилбар тархаж байгаа энэ цаг үед хөл хөдөлгөөнөө багасгаж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх нь туйлын чухал гэдгийг дахин сануулмаар байна.
- Вакцины хоёр тун хийлгэсэн байсан тулдаа ноцтой хүндэрсэнгүй гарлаа гэдэгтэй манай тасгийнхан бүгд санал нэгдсэн. Миний хувьд Вероселл хоёр тунтай байсан.
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөц, цалингийн системийг шинэчлэхгүй бол Монгол улс цар тахал хэмээх энэ том аюулын ард гарч чадахгүйд хүрсэн байна. Эмч, сувилагч, асрагч нар маань өөрсдийгөө умартан өрөөл бусдын төлөө цурам хийх завдалгүй, өвчтөн нэг бүрийн төлөө шогшоогоороо л ажиллаж байна. Сувилагч нарын үүрэг асар чухал ч Монгол улсад үндсэндээ сувилагчаар ажиллах хүний нөөц шавхагдаад байгааг эмч нар хэлж байна.
- Цар тахал өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрч гамшгийн байдалд орно гэдгийг Монгол улсын Засгийн газар огт тооцоолоогүй, бэлэн бус байж. Эмч, сувилагчдын чадавхи, цар тахалтай тэмцэх, анагаах чадварын хувьд бол үнэхээр мундаг байна. Гагцхүү амьсгалын аппарат гэх мэт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, ор, хүний нөөц зэргийг тооцоолон бэлдсэн байх ёстой байсан. Гэтэл тэгж чадаагүй байж. Тийм учраас одоо яаралтай энэ алдаагаа засч, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байна. Нийслэлийн захиргааны шинэ байранд ор дэлгэж ковидын эмчилгээ үзүүлэх болсонд Ковид туссан олон иргэдийнхээ өмнөөс Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазарт талархаж байна.
- Цаашид төсвийн зардлуудыг байж болох бүх түвшинд хэмнэх, наадам гэх мэтэд төсөвлөсөн төсвөөсөө эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, онцгой нөхцөлд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын нэмэгдэл урамшууллыг шийдвэрлэх ажлуудыг хийх ёстой.
Б.Ирээдүй