Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, зарим үйл ажиллагааг хязгаарлах ЭМЯ-ны саналыг хэлэлцсэн байна. Ингээд УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УОК-ын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Нэгд, хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-наас оруулж ирээгүй. Харин тодорхой үйл ажиллагаануудыг хязгаарлах, тодорхой хугацааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх санал оруулж ирсэн. Энэхүү саналыг үндэслэн УОК-оос дараах шийдвэрийг гаргалаа. Хөл хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж, халдварын нөхцөл цаашид өсөх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 25-наас эхлэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, фитнесс, саун бассейны үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргалаа.
Үйл ажиллагааг нь өмнө нь долоо хоногийн хугацаанд хязгаарласан байсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын заалаар үйлчлүүлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоног сунгаж байна. Мөн амралт зугаалгын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг дахин 10 хоногоор сунгахаар боллоо ” гэлээ.
Л.Баяр