Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанд Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварын танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.
Засгийн газрын энэ удаагийн ээлжит хуралдаанаас Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг хөдөлмөр эрхлэлтийн болон бусад холбогдох бодлогын шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд 2022 оноос эхлэн ашиглахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад, динамик загварыг хөгжүүлж, бодлого боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, салбарын тоон мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тэмдэглэлээр үүрэг болголоо.
Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар нь Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад статистик мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйд бий болох үр дүнгийн тооцоо, судалгаатай байх боломжийг хангахад зориулсан загварчлал юм. Уг загвараар зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн бус нийгмийн хамгааллын салбарын тооцооллыг хийх боломжтойгоороо давуу талтай.
Орчин үед зах зээл өндөр хөгжсөн орнуудад системийн динамик загварчлалыг удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд энэ нь аливаа бодлого, зохицуулалтын шийдвэрийг гаргаснаар бий болох үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, сонголт хувилбар боловсруулах болон бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог.
Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахалж, ХНХЯ-ны 10, ҮСХ-ны 1, Үндэсний хөгжлийн газрын 1 төлөөлөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх судалгааны институт болон ХНХЯ-ны холбогдох албан хаагчид нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сүүлийн 6 сарын турш ажилласан.
Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг боловсруулах багийг ШУТИС-ийн багш, дэд профессор Б.Ууганбаяр ахалж, Эдийн засгийн ухааны доктор Н.Энхбаяр, Ц.Батсүх, Удирдахуйн ухааны доктор Д.Гомбо, Улс төрийн шинжлэх ухааны доктор Ж.Жаргал, Физик, математикийн ухааны дэд доктор Т.Баяртөгс зэрэг салбар бүрийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан юм.
Өнгөрсөн хугацаанд динамик загварыг танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг салбарын яамд, бодлого боловсруулах үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын дунд үе шаттайгаар зохион байгуулж, тэдний гаргасан санал, зөвлөмжийг загварчлалд тусгасан.
Цаашид энэхүү системийн динамик загварыг зөвхөн бодлого боловсруулагчид ашиглах бус их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, иргэдэд нээлттэй байдлаар ашиглуулах боломжийг бий болгоход ХНХЯ-наас анхааран ажиллаж байгаа бөгөөд бусад яамдын түвшинд хамтран мэдээлэл солилцож, динамик загварын суурь өгөгдлийг бүрдүүлэх, улмаар салбар бүрийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тооцоолж, бодлогын шийдвэр гаргахад ашиглах юм.
Эх сурвалж: ХНХЯ