Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтарсан шалгалтыг явуулж байна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамж гарч, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын үйлчилгээний танхимын болон гадна талбайн үйлчилгээг (захиалгат хоол хүргэлтийн үйлчилгээ хамаарахгүй) 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай түр хориглож, амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан билээ.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазуудад хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчдын хамт хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазуудад хяналт шалгалт хийж ажиллах хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан амралтын газруудад холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.