Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал, аж ахуй нэгжүүдийг чадавхжуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах цахим уулзалт боллооМҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгааны дүнг танилцуулах, бизнесийн ёс зүй, шударга байдлыг дэмжиж ажиллах нь компаниудад ямар үр өгөөжтэй талаар нээлттэй санал солилцох уулзалтыг цахимаар зохион байгууллаа.
Уулзалтад хот болон орон нутгийн нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.Судалгаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд бизнесийн ёс зүйн нэгдсэн ойлголт дутмаг байгааг Транспэрэнси Интернэшнл ТББ-ын зөвлөх Д.Тэгшбаяр онцоллоо. Мөн ёс зүйн зохицуулалтын хувьд зарим аж ахуйн нэгжүүд тодорхой дүрэм, журам ба механизмтай байхад зарим нь огт зохицуулалтгүй, ойлголтгүй байснаар хоёр туйл руу хуваагдаж байна. Тухайлбал судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 30-40% орчим нь ёс зүйн дүрэм болон гэрээнүүддээ авлигын эсрэг заалттай, шүгэл үлээх механизмтай байна.
Мөн дийлэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд авлига, залилан, луйвар, хөрөнгө завших, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн ёс зүй, шударга байдлын ерөнхий болон нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна. Уулзалтад Таван Богд Группийн хуулийн зөвлөх Т.Солонго, Хүлэг Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Цогт нар зочин илтгэгчээр оролцож сайн туршлагаа хуваалцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо.
Түүнчлэн Таван Богд Группийн ёс зүйн дүрмийн тогтолцоо болон группийн удирдлага, ажилчдын ёс зүй, авлигын эсрэг сургалтад хамрагдсан байдлын талаар Т.Солонго танилцуулсан бол Транспэрэнси Интернэшнл ТББ-ын бизнесийн ёс зүйн сургалтад хамрагдсан байгууллага болох Хүлэг Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Цогт тус сургалтад хамрагдах ач холбогдол, гарсан үр дүнгийн талаар хуваалцав.
Уулзалтын асуулт, хариултын үеэр Монголын томоохон компаниуд болох MCS, Skytel, Таван Богд Групп зэрэг компаниуд санал, туршлагаа хуваалцаж шүгэл үлээх механизм, ёс зүйн эрсдэлийн үнэлгээ, гуравдагч этгээдийн дүн шинжилгээ, ёс зүйн сургалтыг ажилчдын түвшинтэй хэрхэн уялдуулах зэрэг асуудлуудыг хөндлөө. Энэхүү бизнес эрхлэгчдээс гарсан санал, санаачилгыг бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажил болон Төвөөс зохион байгуулах сургалтын хөтөлбөрт тусгаж ажиллах юм.
Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв байх юм.