ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний эрхлэгч Ц.Чинбаяр “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх хүнд болон маш хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн үед халдвар авсан жирэмсэн эхчүүд маш их хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 17 маш хүнд өвчтөний тав нь төрсөн болон жирэмсэн эхчүүд байна. Жирэмсэн болон хөхүүл ээжүүд маань вакцин хийлгээгүй учраас халдвар авахаараа маш хүнд хэлбэрээр өвчилж байна. Амьсгалын дутагдалд орж, хүндрэх магадлал их байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан байна. Үүний 500 гаруй нь Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд ч байна.
Хүүхдийн өвчлөлийн хувьд вакцин хийгээгүйтэй холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад хүндрэл нь нэмэгдэж байгаа. Хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгаа. Эрсдэл бүлгийн хүүхдүүд болох зүрхний гажигтай, хоол тэжээлийн дутагдалтай, дутуу төрсөн, хавдартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. Ковидын халдвар авсан л бол том хүн ч бай, хүүхэд ч бай адилхан хүндэрч байгаа учраас хүүхдүүдээ хамгаалж халдвар авуулахгүй байх тал дээр хамгийн сайн анхаарч, олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй.
Л.Баяр