Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.4-т “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулсан.
Аймгуудын сургагч багш нар орон нутагтаа авлигын эсрэг сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр 2021 оны төлөвлөгөөгөө батлуулан, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, тухайн орон нутагт нийтийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад авлигын эсрэг анхан шатны сургалт, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд хийгдэж буй аян, арга хэмжээ, контентуудыг түгээх, сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газраас сургагч багшийг чадавхжуулах, мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулан, байнгын эргэх холбоотой ажиллаж байгаа бөгөөд жилийн эцэст сургалт, сурталчилгааны ажлын үр дүнг тооцон ажиллах болно.
Орон нутагт авлигын эсрэг сургалт сурталчилгаа явуулах 37 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэн, гэрчилгээ олгосон юм.
Эх сурвалж: АТГ