Халдварт өвчин нь дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд цар тахлыг анагаахад зориулж буй дэлхийн эрдэмтдийн ололт амжилт улам бүр боловсронгуй, цаг хугацааны хувьд хурдацтай болсныг өнөөдөр томоохон асуудлыг дагуулаад буй COVID-19-ын эмчилгээнд зориулан бүтээсэн вакцинуудаас харж болно. Вакциныг өртөг өндөртэй, нарийн технологиор хийдэг бөгөөд аюулгүй байдал, хадгалалтын горим, үйлдвэрлэлийн явц зэргийг сайтар анхаарах шаардлагатай байдаг. Хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг, техник технологийн нөхцөл байдлаас шалтгаалж чанарын шаардлага хангасан вакцин үйлдвэрлэх, зөөвөрлөн түгээхэд хүндрэлтэй юм.
Үүнийг шийдвэрлэх нэг арга зам нь уламжлалт вакцины технологийн сул талыг нөхөх шууд буюу идэж хэрэглэх вакцин юм. 1990-ээд оны эхэн үеэс ургамалд суурилсан вакцин үйлдвэрлэх, хүнсний ургамал ашиглан идэж болдог вакцин бүтээх санаа гарсан. Энэ төрлийн судалгаа эрчимтэй хөгжиж, улаан бурхан, гепатит, боом гэхчлэн олон өвчин үүсгэгчдийн тодорхой уургийг төмс, цагаан будаа, улаан лооль, гадил зэрэг ургамалд нийлэгжүүлэн хүнсэнд хэрэглэж болохуйц хэсгүүдэд хуримтлуулах оролдлогууд цөөнгүй хийгдсэн. Жишээ дурдахад, 2007 онд цагаан будаанд E.coli-н эсрэг эсрэгбие үйлдвэрлэх судалгааг хийж, 2008 онд будааны үрэнд HBsAg нийлэгжүүлэх зөвшөөрлийг авсан. Мөн Японы эрдэмтэд 2005 оноос хойш ургамлын тоосны харшлын эсрэг иддэг вакциныг хөгжүүлж байна. Гадилд HBsAg нийлэгжүүлэх, улаан лоольд коронавирусээр үүсгэгддэг амьсгалын замын хурц синдром SARS-н эсрэг вакцин гаргах, бета-амилоид уургийг нийлэгжүүлж Альцгеймер өвчний эсрэг вакцин бүтээх зэрэг судалгаанууд амжилт олж байна.
1998 оны байдлаар АНУ-ын “Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэн” иддэг вакцин нь уламжлалт вакцинтай харьцуулахад ялгаагүй үр дүнтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Одоогоор хэд хэдэн ургамалд суурилсан вакцин клиник туршилтын шатны судалгаа үргэлжилж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь төрөл бүрийн вирус, бактерийн гаралтай шувууны ханиад зэрэг үхэлд хүргэх халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байна.
Эх сурвалж:
1. Vrinda M Kurup, Jaya Thomas, “Edible Vaccines: Promises and Challenges”, 2019
2. Guan, Z.,et al. “Recent advances and safety issues of transgenic plant-derived vaccines”, 2013
3. Fumio Takaiwa, “Development of a rice-based peptide vaccine for Japanese cedar and cypress pollen allergies”, 2014
Мэдээг бэлтгэсэн: Ургамлын биотехнологийн лабораториийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д.Эрдэнэтуул
Хянасан: Ургамлын биотехнологийн лабораториийн эрдэм шинжилгэний ажилтан, доктор Ө.Болортуяа