Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Ажлын хэсгийнхэн өчигдөр Замын-Үүд суманд ажилласан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сумын Онцгой комисс коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцож, тодорхой асуудлуудыг хэлэлцжээ.
Мөн улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн байна.
Ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудыг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд:
- ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга
- Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Сарнай
- Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга У.Мөнхсансар нар багтжээ.
Эх сурвалж: БХЯ