Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.18) “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өргөн барив.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гарган, танилцуулж байгааг Сангийн сайд хэллээ. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 онд 10,444.2 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4,440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн тогтворжуулалтын санд 66.2 тэрбум, Ирээдүйн өв санд 914.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үр нөлөөгөөр эдийн засаг 2020 оны эхний хагаст огцом суларсан хэдий ч ААН, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсний улмаас сүүлийн хагас жилд идэвхжил сэргэж, жилийн дүнгээр эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5.3 хувиар агшсан байна. Тайлант онд эдийн засгийн идэвхжил сул байсан тул Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг дэмжиж, мөчлөг сөрсөн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь ДНБ-ий агшилтыг хязгаарлахад чухал хувь нэмэр оруулсан байна.
Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Номад” бондыг арилжаалж, “Мазаалай” болон “Чингис” бондын нийт 568.2 сая ам.доллар буюу 1,622.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар буурсан боловч гадаад худалдааны тэнцэл 2,282.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2 зүйл бүхий “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.