АНУ-д албан ёсны төрийн баяр ёслолын тоо нэгээр нэмэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс орондоо 6-р сарын 19-ний өдөр тэмдэглэдэг боолчлолыг халсан өдрийг албан ёсны улсын хэмжээний баярын өдөр болгох зарлигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр Боолчлолыг халсан баяр өдөр АНУ-д Холбооны улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх 11 дэх баяр ёслол болж байгаа юм.
Жо Байден зарлигт гарын үсэг зурах ёслолыг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулан үзүүлжээ. Цагаан ордны тэргүүн төрийн баяр ёслолын тухай зарлигт гарын үсэг зурах үеэрээ: -Бид өнөөдөр 6-р сарын 19-ний өдрийг улс орны Тусгаар тогтнолын өдөр, Хөдөлмөрийн өдөр, мөн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бусад албан ёсны баяруудын нэгэн адилаар Холбооны хэмжээний улсын баяр болгон тунхаглаж байна гэжээ. АНУ-ын Конгресс, сенатын танхим Ерөнхийлөгч Жо Байден зарлигт гарын үсэг зурахаас өмнө энэ тухай хуулийн төслийг хэлэлцэн, мягмар гарагт санал нэгтэй дэмжин баталсан юм. Улмаар төлөөлөгчдийн танхим мөн батлан, ерөнхийлөгч гарын үсэг зуржээ.
АНУ-ын түүхэнд Боолчлолыг халсан явдал хамгийн тод томруун үйл явдалд тооцогддог юм. Анх АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн боолчлолыг халах үндэс суурийг тэртээ 17-р зууны үед тавьж, улмаар 1863 оны 1-р сарын 1-нд боолуудыг чөлөөлөх тунхаг гаргаж байсан юм. Гэсэн ч тухайн цаг үед энэхүү тунхагийг Америкийн өмнөд мужууд эсэргүүцсэнээс шалтгаалан 1865 онд Америкийн иргэний дайн дуусах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх боломжгүй байжээ. Улмаар 1865 оны 12-р сард АНУ-ын Үндсэн хуулийн 13 дахь нэмэлт зүйл заалтыг баталснаар Эрх чөлөөний оронд боолчлолыг албан ёсоор халсан байна. Үүнээс өмнө 1865 оны 6-р сарын 19-нд Америкийн Техас муж анхлан мужийн хэмжээнд бүх боолууд эрх чөлөөтэй гэдгийг зарласнаар Juneteenth буюу “6-р сарын 19” гэсэн баяр бий болж, энэ өдрийг боолчлолын халсан өдөр болгонн тэмдэглэдэг байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены баталсан зарлигийн дагуу энэ баярыг холбооны улсын хэмжээнд албан ёсоор тэмдэглэх баярын нэг болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болголоо.