Цар тахалын үед хүүхдүүд номын сангаар үйлчлүүлэх боломжгүй байна. Харин энэ үед Налайн дүүргийн Засаг даргын тамгын газраас “Явуулын номын сан” үйлчилгээг эхлүүлжээ.
Тус арга хэмжээг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд ЗДТГ, ГБХЗХХ, Албан бус, насан туршийн боловсролын төвөөс хамтран эхлүүллээ.
Эхний ээлжинд дүүргийн 8 дугаар хорооны 10 өрх, хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхэд, нийт 15 өрхөд 3-4 ном бүхий “Явуулын номын сан”-гийн үйлчилгээ хүргэхээр хүлээлгэн өгсөн байна.
Цаасан ном унших хүсэлтэй хүүхэд залуусыг хорооны ажлын албандаа хандан хүсэлт өгч, номын багцыг гэрээрээ авч уншихыг уриалж байна.
Номын багцад 3-4 төрлийн ном багтаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын зүгээс Налайх дүүргийн зохиолч, яруу найрагч Ж.Сүхбаатарын “Би Монгол” номыг нэмж хандивлажээ.
Мөн номын багцад угийн бичиг хөтлөх арга аргачлал, зааварчилгааг багтаасан бөгөөд гэр бүл бүхэн угийн бичиг хөтөлж эхлээсэй гэж уриалж байна хэмээн Засаг даргын орлогч Н.Мандуул яриандаа онцлон хэлжээ.
Л.Баяр