Словенийн эрүүл мэндийн яамнаас тус улсад “Ковид-19” цар тахал дууссаныг зарлаад байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг цуцлахгүй, вакцинжуулалтаа үргэлжлүүлэх болно гэдгээ анхааруулсан байна. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн сайд Яне Поклукар мэдэгджээ.
Тодруулбал, “Словенид цар тахал дууссан. Гэхдээ коронавирусний эсрэг тэмцэл үргэлжлэх болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Словенийн эрүүл мэндийн яамны мэдээгээр 2 сая хүн амтай тус улсад хоногт 100 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Тус улсын нийт 760 гаруй мянган иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байгаа бол 51 мянга 906 хүн бүрэн тунгаа хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт коронавирусний халдвар авсан 122 хүн л эмчлүүлж байгаагийн 40 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хэдийгээр цар тахлыг ялснаа ийнхүү эрх баригчид нь мэдэгдэж байгаа ч с улсад амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, нэг дор олон хүн цуглахыг хориглосон журам үйлчилсээр байна. Мөн тус улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд ажиглан тусгаарлалтад орох улс орнуудын улаан жагсаалтыг байнга шинэчлэн гаргахаа ч мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Moнголын мэдээ