УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдаанд Засгийн газрын гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Манай улс дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Гурвыг нь ДЭМБ хүлээн зөвшөөрсөн. Хүн амыг хамарсан вакцин бол БНХАУ-ын “Sinopharm” компанийн “Vero Cell” вакцин байгаа. Халдварт өвчин бол цэвэр хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Сүүлийн үед хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж халдварын тоо нэмэгдэж байна.
Өнөөдрийн нас барсан 11 хүнээс 9 нь вакцинд хамрагдаагүй. Нэг нь нэгдүгээр тундаа, нэг хүн хоёрдугаар тангаа авсан боловч 14 хоноогүй байсан. Нас баралтын шалтгаан нь хавсарсан суурь эмгэг байна. Эдгээр хүмүүсийн суурь өвчин давамгайлж дээрээс нь халдвар авч хоёр уушгины хатгаа нэмэгдэж, амьсгалын дутагдалд маш хурдан хугацаанд биеийн байдал хүндэрч байна” гэлээ.
Л.Баяр