Хятадын Гуандун мужийн Жань Зян боомт Монгол тэргүүтэй Азийн 11 орны ачаа барааг хүлээн авахаа зогсоосноо мэдэгдлээ.
Тус боомтоос гаргасан албан мэдээлэлд “Вьетнам, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Таиланд, Камбож, Монгол улсаас ачаа хүлээн авахгүй. Энэ хориг энэ сарын 20-ноос долоодугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ” гэдгийг дурджээ. Мөн дээрх орнуудын ажил хэргийн түншүүдээ байнга холбоотой байж, шинэ мэдээлэл авч байхыг анхааруулсан байна.
Гуандун мужид ковидийн халдвар голомтлон гарсан тул аюулгүй байдлын үүднээс хатуу арга хэмжээ авч байгаа тул боомтын ажлын хүчин чадал буурсантой холбоотой гэж гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн Хятадын Гаалийн удирдах газраас Энэтхэгийн зургаан компанийн ачаанаас коронавирус илэрсэн тул долоо хоногийн хугацаагаар тус компаниудын ачааг хүлээн авахыг хоригложээ.
Эх сурвалж: ZINDAA.mn