Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Арбидол” эмийн эрэлт ба үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан: Манай улсын Хүний эмийн зөвлөлөөр 15 аж ахуйн нэгжид вирусийн 12 төрлийн эм импортлох лиценз олгосон. Вирусийн эсрэг эмийн нөөц дэлхий нийтэд хомстолтой байгаа. Үүнтэй холбоотой зөвшөөрөл авсан компаниуд бүх эмийг оруулж ирээгүй. Өнөөдрийн байдлаар зах зээлд вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна. Хэдийгээр “COVID-19” халдварын эсрэг хэрэглэж буй Арбидол эмийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн татвараас чөлөөлсөн ч НӨАТ-аас чөлөөлөөгүй.
Жишээ нь, Арбидол эмээс гурван сая ширхэгийг импортлох зөвшөөрөл авснаас 1.3 сая ширхэг нь ирсэн. Фавипиравир эмээс хоёр сая ширхэгийг оруулж ирэхээс 750 мянган ширхэг орж ирсэн. Ремдесивир эмээс 25700 ширхэгийг импортлохоос 12200 ширхэг оруулж ирсэн. Хүний эмийн зөвлөлөөс нэг удаагийн эмийг импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгөхдөө үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх заавар өгдөг. “Ач-Үр” компанийн тухайд, Эрүүл мэндийн яамнаас эм импортлох зөвшөөрлийг нь өгсөн. Үүсээд буй асуудалд тухайн компаниас тайлбар өгөхдөө, хил гаалийн улмаас нааш, цааш буцах асуудал үүсч , эм тээвэрлэх өртөг өссөн учир эмийн үнэ 3-4 дахин өсөх асуудал гарсан гэдгийг хэлсэн. Эрүүл мэндийн яамны шилэн дансан дахь мэдээллээр нэг таблетк эм 890 гэж тооцоход тухайн эмийн хайрцаг дахь үнэ гардаг. Үүнд зарим төөрөгдлүүд гардаг. Жишээ нь, зарим эм нэг ширхэг нь 1050 төгрөг болбол хайрцгаараа 21 мянган төгрөг. Энэ мэтчилэн хайрцаг, тун хэмжээтэй холбоотой төөрөгдөл, үл ойлголцлууд гарсан байх магадлалтай. Бидэнд импортоор орж ирж буй эмийн үнүүд бий. Үүнд бид тухайн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл, хэрэглэгчдийн гарт хүрэх үнийн дээд хязгаарыг ярилцаж байна. Эмийн тухайд, үйлдвэрлэгч компаниас хамаарч тухайн эм тун хэмжээнээс хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Иймд бид ААН болгонтой эмийн үнийг нэг бүрчлэн ярилцаж хэрэглэгчдийн гар дээр очих дээд үнийг хамтарч шийднэ. Хэрэв аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдөл гаргавал торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.
Л.Баяр