Зэвсэгт хүчний Жанжин штабын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хурал 6 дугаар сарын 15-ны өдөр болов. Хуралд Зэвсэгт Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийнхөн цахимаар оролцсон юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сахилгын зөрчилгүй хамт олон болоход дэвшилтэд шинэлэг арга ашиглах ёстойг дурдав. Алба хаагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэхээс гадна бие хүний онцлог, сэтгэл зүй, гэр бүл рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг давхар явуулахыг үүрэг болголоо. Мөн удирдах албан тушаалтнуудыг үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, бие бүрэлдэхүүнийхээ сахилга бат, дэг журмыг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллахыг даалгасан юм.