Бүгд Найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Энэ жилийн хувьд тус тэтгэлэгт нийт 22 оюутан шалгаруулах бөгөөд бүртгэл зургадугаар сарын 23-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдах болно.
Тавигдах шаардлага:
-Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй);
-Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
-Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Бүртгэл:
Та https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Суралцах мэргэжлийн чиглэл болон цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичигтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах болно.
Үүнд:
-Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.
-Ярилцлага. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.
Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам