Шүд, амны хөндийн мэс заслын “Хатагтай дент” эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор Б.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад шүдний имплантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан аж.
-Таньтай ярилцах болсон шалтгаан нь статистик дүнгээс үүдэлтэй. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн эрүүл мэнддээ тавих анхаарал халамж нэмэгдэж, шүдний өвчлөл буурч байгаа болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл шүдний гаралтай үрэвсэлт өвчин жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж иржээ. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Харамсалтай нь шүдний үрэвсэлт өвчин жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Ер нь 35-аас доош насныханд шүд цоорох, 35-аас дээш насныханд шүдний тулгуур эдийн өвчин буюу буйлны үрэвсэл, энэ нь даамжраад яс шимэгдэх, улмаар шүд сулрах өвчлөл их тохиолдож байна. Жижигхэн цоорол ломбодуулж байгаа тохиолдол бараг байхгүй дээ. Дандаа тартагт нь тулгаж ирдэг. Яагаад хамгийн үнэт зүйл болсон эрүүл мэндээ хамгаалж, шүдээ арчилж, анхаарал тавьж чаддаггүй юм бэ. Боловсролын түвшин нэмэгдэх тусам шүдээ илүү арчилж, хамгаалж байна уу гэвэл үгүй. Бүгд ялгаагүй амны хөндийн эрүүл мэндийн тухай боловсрол нимгэн, арчилгаа, зөв дадал алга.
-Ихэнх хүний хувьд шүд өвдөж эхлэхэд эмнэлэгт очдог. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байгааг харуулдаг уу?
-Шүд өвдөхөөр эм зуугаад, эмнэлэгт ханддаг үзэгдэл хэвийн болсон. Мэдээж шүд өвдөхөд зовиуртай. Хүүхэд бол бүр хэцүү шүү дээ. Ингээд сувгийн эмчилгээ хийх болно. Бүр хүндэрсэн бол авахуулахаас өөр аргагүй. Шүдний өвчлөл гэхээр зөвхөн амны хөндий доторх эрүүл мэнд гэж ойлгож болохгүй. Шүдний өвчлөл зүрх, бөөр гэх зэргээр цуллаг эрхтнийг гэмтээнэ. Ялангуяа, зүрхэнд маш халтай. Миний бөөр, зүрх өвдөж байна гээд эмчлээд л байдаг. Хүчтэй антибиотик уугаад л байдаг. Гэтэл шүд нь өвчтэй бол энэ бүх эмчилгээ нэмэргүй. Шүдээ бүрэн эмчлүүлэхгүй бол хүчтэй эмэнд бөөр, зүрхний чинь өвчин дарагдлаа ч ахиад л сэдэрнэ. Нөгөөтэйгүүр, манайд хүүхдийн шүдний цоорол маш их байна. Эцэг, эхийг нь харахаар сайхан машин унасан, гоёж гоодсон хүмүүс. Харин хүүхдийнх нь шүд авах юм байхгүй. Үнэхээр өрөвдөлтэй. Шүдээ зөв арчилж мэдэхгүй. Хүмүүс хүүхдийнхээ сүүн шүдийг солигдох юм чинь гээд тоохгүй хаячихдаг. Тэгвэл сүүн шүд үрэвсэхээр байнгын шүдэнд нөлөөлж, өвчлүүлдэг. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, тогтмол үзүүлдэг хүн тун ховор.
-Та Германд суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Тус улсын хүн амын дунд шүдний өвчлөл хэр их байдаг вэ?
-Мэдээж шүдний өвчлөл бий. Гэхдээ манай улстай харьцуулахад хүндрэлийн түвшин их ялгаатай. Германд эцэг, эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг. Өөрсдөө ч жилд хоёр удаа тогтмол үзүүлдэг. Тийм учраас шүд нь цоорч, хүндэрсний дараа эмнэлэгт хандах тохиолдол цөөн. Урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг маш сайн хэвшүүлсэн гэж ойлгож болно. Монголчууд бол “шүд нөхүүлэх гэсэн юм”, “шүд янзлах уу” гэж асуудаг. Нөхнө гэхээр ломбодох юм уу, эсвэл хиймэл шүд асууж байна уу. Янзлана гэдгийг юу гэж ойлгох вэ. Ерөнхийдөө эрүүл мэндийн боловсрол муу болохыг эндээс харж болно. Мундаг боловсролтой, том дарга сайдын зөвлөх хүн орж ирээд таньд ийм эмчилгээ хийнэ гэхээр ойлгодоггүй. Харин Германд өөр. Жирийн нэг ажилтан шүдний эрүүл мэндийн талаар наад захын мэдлэгтэй байдаг. Ямар эмчилгээ хийлгэх тухайгаа эмчээс дутахгүй мэднэ шүү. Энэ нь эрүүл мэндийн боловсролыг зөв олгож дадал болгож хэвшүүлсэнтэй холбоотой байх.
-Германчуудыг ингэж төлөвшүүлэхэд юу нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Тун энгийн зүйл л дээ. Германд хиймэл шүд хийлгэх маш үнэтэй байдаг. Энэ төрлийн үйлчилгээ даатгалд бараг хамрагддаггүй. Тиймээс хожим өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэхгүйн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёр удаа тогтмол хамрагдаж, шүдээ зөв арчилж хэвшдэг. Ер нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байхыг шаарддаг юм. Тухайлбал, шүдний эмчид үзүүлэх нэг дэвтэртэй. Жилд хоёр удаа үзүүлэх бүртээ тамга даруулаад яваад байдаг. Хожим хиймэл шүд хийлгэх тохиолдолд тухайн дарсан тамгуудыг харж төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Харин манайд ийм систем алга. Аль болох төрөөр халамжлуулаад байгаа нь буруу.
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдийг тодорхой мөнгөн дүнд багтааж үнэгүй эмчилж байсан. Үүнийг дэмждэггүй гэсэн үг үү?
– Тийм. Хүнд эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшил, хариуцлагыг суулгах ёстой. Түүнээс биш халамжийн бодлого хэрэгжүүлээд байж болохгүй. Төрөөс хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ гэсэн, хэзээ юм бол гээд хүлээгээд байдаг. Үнэгүй юманд дуртай болчихсон. Урьдчилан сэргийлээд, бага дээр нь эмчид хандах сэтгэхүйг төлөвшүүлэхгүй байна. Ядаж л эцэг, эх нь сардаа нэг удаа хүүхдийнхээ амыг ангайлгаад үзчихдэг байх ёстой. Цоорсон шүдэнд бөөн бактери бий. Шүлсээр залгиад, судсаар хүний биед эргэлдэнэ. Ингээд нэг газар очоод “суучихвал” тухайн эртхэнээ үрэвсүүлээд байдаг. Германд бөөр, зүрх, дотор эрхтний өвчтэй хүн байлаа гэхэд аман дотор голомт байна уу гэж эхлээд хардаг. Хэрэв байвал бүх шүдийг бүрэн эмчилж байж, бөөр, зүрхний эмчилгээг хийдэг. Манайд ийм хариуцлага, төлөвшил алга. Төрөөс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орохыг даатгалд оруулж өгөх нь хүмүүсийн хариуцлагын түвшинг нэмэгдүүлэхэд дөхөм болох болов уу.
-Одоо ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Нэгэнт цоорсон бол ломбодуулах ёстой. Ломбодуулахад юуг анхаарах ёстой вэ?
– Нэгэнт цоорсон бол ломбодно. Өөр арга байхгүй. Гэхдээ ломб тавиулж байгаа газраа зөв сонгох нь чухал. Ломбо тавих технологийн горим гэж бий. Үүнийг нарийн мөрдөж, чанартай ломбыг ур чадвартай эмч тавихад 10, тэр байтугай 20 жил ч болдог. Германд намайг сурч байхад найз маань тус улсын эмнэлэгт ломбо тавиулж байсан. Хорин жил болж байхад нэг ч уналгүй байж л байна. Яг энэ чанар стандартыг би мөрдлөг болгохыг хичээдэг. Мэдээж үүнд ур чадвар, цаг шаардана. Дагаад үнэ нь бага зэрэг нэмэгдэнэ. Гэхдээ хаа дайралдсан газраа ломбо тавиулаад 4-5 жил болгоод унагаах уу, эсвэл чанартайг нь сонгоод 10-20 жил болох уу гэдэг хэрэглэгчийн сонголт шүү дээ. Манайх бол Германы ломбо хэрэглэдэг. Албан ёсны зөвшөөрөлтэй оруулж ирдэг юм.
-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа шүдний эмчилгээнд ямар технологиуд нэвтэрч байна вэ. Тухайлбал, Германд ямар дэвшилтэт технологиудыг ашигладаг вэ?
– Мэдээж шинжлэх ухааны дэвшил эрүүл мэндийн салбарт үр өгөөжөө өгсөөр байгаа. Энэ тухай нэг бүрчлэн тайлбарлавал, шинжлэх ухааны нэр томъёо, хэллэг гээд уншигчийг залхаах биз. Тэгэхээр ерөнхийдөө, тоног төхөөрөмжийн хувьд дижитал хэв маягт шилжсэн гэж ойлгох хэрэгтэй. Эхлээд амны хөндийн сканнерын тухай тайлбарлая. Эмнэлгүүд имплант төлөвлөлт, хиймэл бүрээс, шүдний аппарат хийх зэрэгт уламжлалт аргаар хэв аван, авсан хэвээрээ гипсэн загвар цутган хийдэг. Механик ажиллагаа ихтэй гэсэн үг. Харин сүүлийн үеийн технологи болох жижиг хошуугаар таны шүд, эрүүний байдлыг сканердан комьпютерт мэдээлэл оруулна. Сканердан авсан дижитал хэвээрээ таны амны хөндийн дижитал загварыг хадгалахад амар ба тус дижитал загвараар ирээдүйн хийх имплантаа төлөвлөх боломжтой болсон. Нэг үгээр хэлбэл, аманд нь багаж хийгээд дижитал модель үүсгэчихэж байгаа юм. Тун хялбар. Хүндээ амар. Огидог хүмүүс хэцүү шүү дээ. Хэмжээ зөрнө гэж байхгүй. Хазалтаа автоматаар танина. Илүү хялбар , нарийвчлалтай, найдвартай болсон гэсэн үг л дээ.
-Амны хөндийд жижиг хошуу оруулаад тун хялбар сканердаад комьпютерд загварыг нь оруулчих юм байна. Мөн уг загвараа 3D принтерээр хэвлээд гаргаад ирж болно. Одоо энэ загварынхаа хэвийг ашиглаж имплант суулгах, шүдний аппарат хийх зэрэг үйлчилгээг төлөвлөхөд илүү хялбар болно гэж ойлголоо. Зөв үү?
-Тэгж ойлгож болно оо. Guided surgery гэж танд имплант хийхдээ, манай эмнэлэг өөрийн 3D дижитал рентген аппаратаар комьпютер томографийн зураг авах ба давхар сканердсан байдалтайгаа уялдуулан ирээдүйд таны эрүүнд суух имплантыг дижиталаар төлөвлөн, surgical guide буюу мэс заслын чиглүүлэгчийг өөрийн 3D принтерээр хэвлэн бэлдэнэ. Энгийнээр тайлбарлавал, имплант хийлгэхэд эмнэлгүүд 2D буюу дэлгэмэл зураг авдаг. Эндээс урт, өргөнийг л харна. Харин дэвшилтэт технологиор бид 3D хэмжээсээр харуулна. Маш нарийвчлалтай хэмжээсээр, нарийн оношилж чадна гэсэн үг. Ийм хөтөч ашиглан имплант суулгахад, таны буйлыг зүсэх шаардлагагүй байдаг юм. Ер нь эмнэлгүүд имплант хийхдээ буйлыг зүсч, ярдаг. Яагаад зүсээд байна гэвэл нүдэн баримжаагаар ясныхаа голыг олж имплантаа суулгах гээд байгаа юм. Буйлаа зүсүүлж, яруулах хэцүү шүү дээ. Халдвар хамгаалал талаасаа ч эрсдэлтэй. Сүүлд оёулна. Эдгэх гэж хугацаа орно. Тэгвэл манайх сканердсан файлаа программд ачааллаад дижитал Guide гаргаад ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, имплантыг хамгийн зөв байрлалаар суулгах хөтөчийг өмнө нь авсан сканнерын өгөгдөл дээр суурилж комьпютероор тооцоолоод, хэвлээд гаргаад ирдэг гэсэн үг. Уг чиглүүлэгчээ буйлан дээр тавиад имплантаа суулгана. Буйл зүсэх шаардлагагүй.
-Та дэлхийн шүд, амны хөндийн эмчилгээнд ашиглаж байгаа дэвшилтэт технологи Монголд нутагшсан гэж яриад байна уу?
-Тийм ээ. Дээр өгүүлсэн бүх дэвшилтэт технологийг манай эмнэлэг нэвтрүүлсэн, үйлчилгээ үзүүлээд явдаг. Монгол гэхээр л хоцрогдсон байх албагүй биз дээ. Бид дэлхийн технологийн хурдтай хөл нийлүүлэхийг хичээдэг.
-Имплант буюу металл шүд суулгах нь одоогоор шүд орлох хамгийн төгс арга гэж ойлгодог. Тэгвэл имплантын сонголтуудын тухай тодруулахгүй юу?
-Монголд бараг бүх эмнэлэг зөвхөн Солонгос имплант хийж байна. Манайх Герман, Америк, Солонгос имплант гэсэн сонголттой. Тухайлбал, манай америк имплант дэлхийн таван шилдэг имплантын нэг BioHorizons имплант юм. Уг имплантын хүзүүвч дээрээ нано технологиор нарийн сувгууд үүсгэсэн байдаг. Ингэснээр үүн дээр хүний буйл өөрийн эд эс юм шиг очиж наалддаг. Үр дүнд нь яс, буйл хатингаршихгүй. Уг технологийн дэвшлийг зохиогчийн эрхээр өмчлөөд авчихсан учир өөр төрлийн имплантад ашигладаггүй юм билээ.
– Шүдний гажиг заслын тухайд тодруулахгүй юу? Технологийн ямар дэвшил нэвтэрсэн бэ?
– Aligner буюу авагддаг ялтсан шүдний аппарат ашиглаж байна. Манайх тухайн хүний шүд, эрүүний байдлыг сканердан, АНУын “Invisalign” компани руу цахимаар илгээдэг. Тухайн компани нь танд тохирсон авагддаг ялтсан шүдний аппаратыг мөн дижиталаар төлөвлөн бидэнд digital web viewer болгон буцаан илгээдэг юм. Ингээд бэлдсэн төлөвлөгөөг үйлчүүлэгчтэй ярилцаж, зөвшөөрвөл ялтсан аппаратаа өөрийн 3D принтерээр хэвлэн бэлдэнэ. Хамгийн гол нь дижиталаар төлөвлөснөөр таны шүд ямар хугацаанд засрах үр дүнгээ урьдчилаад харж болдог. Үүнд хүмүүс их дуртай байдаг. Манайх хүнд гажгууд ч засна. Мэдээж гажиг хүнд байх тусмаа хугацаа нь уртасна.
– Шүдний гажгаасаа болж санаа зовох, чөлөөтэй инээж чаддаггүй хүмүүс байдаг. Шүд нь засагдаад ирэхээр царай төрхөнд өөрчлөлт орох уу?
-Тэгэлгүй яахав. Хүний гоо сайхан инээмсэглэл, шүднээс хамаарах тул шал өөр болно. Ядаж л шүд нь муухай хэлбэртэй бол нуугаад явахаар хэцүү шүү дээ. Манай дээр шүдээ янзлуулсан нэг эмэгтэй саяхан орж ирсэн. Үүдээр инээгээд л, гэрэлтээд ороод ирж байгаа юм. Баярлалаа, үнэхээр сайхан байна гээд сэтгэл хангалуун ярьж байгааг харах урамтай шүү. Бид төлбөрийн аль болох уян хатан нөхцөлийг санал болгодог. Таны шүд ингэж засагдах юм байна гээд дижиталаар уншуулаад ирээдүйд гарах үр дүнг нь үзүүлэхээр хүмүүс хийлгэмээр байна, төлбөрийн хувьд ямар нөхцөлтэй вэ гэж асуудаг. Бид төлбөрийг сар сард нь хуваагаад авах боломжтой.
-Уян шүд хийлгүүлж зүүхэд яс шимэгдүүлдэг гэж сонсож байсан. Энэ үнэн үү?
-Тийм. Уян шүд зүүхэд тухайн үед, хэдэн жилдээ эвтэйхэн байдаг юм билээ. Гэхдээ хэдэн жилийн дараа ясны шимэгдэлт их болчихсон ирдэг. Яс нь уусаад алга болоод байна гэсэн үг л дээ. Ер нь хүний буйл шүдтэй байж яс нь шимэгддэггүй. Шүдээрээ юм идээд ясаа идэвхитэй байлгаж байгаа юм. Хэрэв таарахгүй хиймэл шүд зүүчихвэл яс хурдан жигд бус шимэгдэнэ. Дээрээс нь уян хиймэл шүд бол бүр амархан хатингаршуулна. Олон жил уян шүд зүүсэн юм. Яс шимэгдээд алга болчихлоо гэсэн хүн ирдэг. Зарим нь яс нөхөх хагалгаа хийх боломжгүй болсон байдаг.
-Танайх яс нөхөх хагалгаанд ямар материал ашигладаг вэ?
-Манайх Германы хиймэл ясыг ашигладаг. Ер нь Монголд нийтлэг хэрэглэж байгаа нь амьтны гаралтай буюу үхэр, гахайн яс байна. Уурагжуулсан учир ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг. Гэхдээ иммунологийн урвал гарахыг үгүйсгэхгүй хэмээн дэлхийн эрдэмтэд үздэг. Харин манай Герман компанийн ясыг цэвэр химийн аргаар гаргаж авсан. Ясаа нөхөөд эдгэрсний дараа бүтэц нь хүний ястай ижилхэн болдог. Тиймээс бид хамгийн чанартай хэмээн үзэж уг ясыг эмчилгээндээ ашиглаж байна. Яс шимэгдсэн үед яс нөхөх хагалгаа хийлгэж, араас нь имплант суулгаж болно.
-Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байх ёстой. Хэрэв нэгэнт өвчилсөн бол хамгийн чанартай эмчилгээг хийлгэх шаардлагатай гэж ойлголоо. Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаад товчхон зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүн бүрт таарах нийтлэг зөвлөмж өгөх төвөгтэй. Ямар ч шалтгааны улмаас шүд өвчилж болно. Магадгүй зарим шүдний байрлалаас хамаарч тухайн хэсэг сайн угаагддаггүй. Үүнийгээ мэдэхгүй, нэг мэдэхэд шүд нь цоордог. Тэгэхээр дээр хэлсэнчлэн, шүдээ жилд хоёр удаа үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь таны мөнгийг хэмнэхээс гадна цаг зав, эрүүл мэндийг хамгаална. Заавал нийтлэг өгөх зөвлөмж хэлээч гэвэл, өглөө, оройдоо шүдээ зөв дарааллаар сайтар угаах ёстой. Үүний дараа утсаар шүдний завсар хоорондыг заавал цэвэрлэж хэвших учиртай. Ингээд зориулалтын ам зайлах уусмалаар тогтмол зайлж хэвшээрэй. Би сонирхолтой судалгаа дурдах уу.
-За, бололгүй яахав?
-Шүдний эмч нар хүний амыг ангайлгаад хэдэн арван минутаар үзлэг, эмчилгээ хийгээд суудаг. Коронавирусын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн үг. Гэтэл шүдний эмч нар коронавирусаар бараг өвдөөгүй. АНУ-ын Шүдний эмч нарын холбооноос гаргасан судалгаагаар шүдний нийт эмч нарын 0.1 орчим хувь нь коронавирусаар өвчилсөн байна лээ. Маш бага дүнтэй байгаа биз. Шалтгаан нь бид мэргэжлийн хүмүүс учир шүдээ маш сайн арчилдаг. Зөв дарааллаар угааж, зохих уусмалаар зайлж хэвшсэн. Энэ нь халдвар хамгааллын маш сайн дэглэм болчихож байгаа юм. Тэгэхээр хүмүүс шүдээ сайн арчлах нь цар тахлаас сэргийлэх чухал алхам болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Web site: www.dent.mn
Facebook: https://www.facebook.com/hatagtaidentclinic
Утас: 11354171, 7004-3000, 99091796
Хаяг: Дашчойлин хийдийн зүүн талд, Хатагтай Дент
Эх сурвалж: Өдрийн сонин