Номын баярыг нийтийн амралтын өдөр, тэмдэглэлт баяр болгохоор төсөл өргөн баригдлаа хэмээн нийгмийн зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийн гол агуулгыг гуйвуулсан мэдээлэлд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Номын баярын талаар гуйвуулсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар өргөнөөр тэмдэглэж байхаар болсон. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Тиймээс Үндэсний хэл, бичиг соёлын өдөр болгож үндэсний хэмжээнд авч үзэх, монгол бичиг, хэлний дархлаагаа авч үлдэх агуулгаар миний бие УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын хамтаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн намар буюу 2020 оны есдүгээр сарын 18-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Ингэхдээ уг хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалтыг нэмж, төсөлд тусгасан.
Үүнийг Монгол Улсын төрөөс монгол хэл, бичиг соёлоо хадгалж үлдэх талаар авч буй хэлний бодлогын нэг хэсэг гэж ойлгож болно. Түүнээс биш номын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгож, ажлын өдрүүдээр амарна гэсэн агуулгатай биш юм шүү.
“Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлс, шинжлэх ухаан, оюуны өмч төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хүн төрөлхтний нийгэм, соёлын амьдралд даяарчлал асар хүчтэй нэвтэрч, техник технологи өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед Монгол үндэсний соёл, хэл, зан заншлыг дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн төрийн үүрэг.
Энэ нь Монгол үндэстний соёлын өв дурсгалыг хамгаалах, ном бүтээх өвийг үргэлжүүлэх, хүүхэд залуучуудад уламжлан үлдээх чухал ач холбогдолтой. Мөн Монголын ном, бичиг, соёлын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлэх юм. Та бүхнийг мушгин гуйвуулсан мэдээнд итгэхгүй байхыг хүсье” гэжээ.
Б.Ирээдүй