Халбаган жараа загасны биеийн урт нь 10-12 см, жин нь 20-83 грамм хүрдэг. Тэд 2 насандаа 3 см хүрч, бие гүйцэн үржилд орох бөгөөд 5 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл үржил нь явагдан, хэсэгчлэн түрсээ шахна. Үржлийн үед эр загасны өнгө тодорч, хамар дээр нь товруу үүсч, биеийн хажуу нил мөнгөлөг өнгөтэй болдог. Халбаган жараа нь хавтаст дунгийн заламгайд усны солилцоо хийгдэх үед түрс, сүнгээ шахаж, тэдгээр нь усны хамт сорогдон заламгайн салбанд орно. Үржлийн үедээ хавтаст дунг тойрон хүрээлж нэг удаагийн шахалтаар 1-16 ширхэг түрс шахна. Нэг халбаган жараа загас үржлийн үедээ нийт 224-290 ширхэг түрс шахдаг.
Хавтаст дунгийн доторхи үр тогтсон түрс усны түвшин багасах болон бусад амьтдын идэш тэжээл болохоос бүрэн хамгаалагддаг. Зөөлөн биетний дотор хүчилтөрөгчийн хэмжээ бага учраас үр хөврөлийн хөгжлийн шатандаа амьсгалын систем нь сайн хөгжиж, шар биеийг тойрсон цусны нарийн судлууд сүлжээ үүсгэдэг аж.
Түрсний хөгжил бусад мөргийн овгийн загаснаас цөөн буюу 2-3 долоо хоногт явагдана. Авгалдай нь өндөгний хальснаас гарч хавтаст дунгийн заламгайн салбангийн завсарт биеэ даан сэлэх чадвартай болтолоо амьдарч байгаад гардаг. Ингэж хавтаст дунгийн дотор бие даах хүртлээ шимэгчлэн амьдрах учраас эдгээр 2 зүйл нь бие биедээ харилцан ашигтайгаар хамтран амьдардаг онцлогтой. Иймээс усны бохирдол нэмэгдэх болон загас агнуурт өртөн хавтаст дунг ихээр устгах нь халбаган жараа загас ч мөн устах дам аюул үүсдэг. Халбаган жараа загас ёроолын замгаар хооллох ба олон салаалсан мухар, урт гэдэстэй. Агнуурын ач холбогдолгүй хэдий ч махан идэшт загасны хоол тэжээл болдог. Амар мөрний савын нам дор газар тархсан байх бөгөөд гол төлөв голын зөөлөн урсгалтай, тогтуун хэсэгт амьдардаг.
/Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн/
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба