Цаг агаар сэрүүн, бороо хур ихтэй байгаа энэ үед гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа зогсоогүй. Үүнээс болж сүүлийн үед иргэд угаарын хийнд хордсон дуудлага мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирж байна.
Тухайлбал 2021 оны эхний 6 сарын байдлаар Чингэлтэй дүүргийн 7,8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэд байгууллага, албан тушаалтнаас “Угаартсан” утгатай дуудлага мэдээлэл 13 бүртгэгдсэнээс гомдол мэдээлэл 5 бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гомдол мэдээлэл нийт гомдол мэдээллийн 0.1 хувийг эзлэж байна.
Угаарын улмаас 13 хүн эрүүл мэндээр хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 30.7 хувиар өссөн үзүүлэлт. Угаарын хийнд хордсон 13 хүний ес нь буюу 69,2 хувь нь хүүхэд, дөрөв нь 30.7 хувь нь насанд хүрсэн хүн байна.
Дээрх тоон мэдээнээс үзэхэд угаарын хийнд хордох гол шалтгаан нь айл өрхүүд нүүрсийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхийг битүүлснээр угаардах явдал их байна.
Иймд иргэдэд анхааруулахад, хэрвээ та гэртээ гал түлсэн л бол ямар ч тохиолдолд яндангаа сугалж өрхөө бүү битүүлээрэй. Зуух, пийшингийнхээ битүүмжлэлийг сайтар шалгаж яндангийн хаалт сойлтыг бүү хаагаарай. Угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг яг одоо шалгаарай гэж иргэдэд сэрэмжүүлж байна.
Чингэлтэй дүүрэг дэхь цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс