БШУЯ бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна. 1.8 их наядын төсөвтэй, төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилладаг энэ том салбарын төсөв хэрхэн бичигддэг, аль сумын аль цэцэрлэг сургуульд хэдэн төгрөгийн төсөв яаж хуваарилагддаг гээд нээлттэй ил тод болох эхний алхамыг хийх гэж байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагыг цахим болгох нь хамгийн том зорилго юм.

Боловсролын салбар анх удаа буюу бусад салбараасаа түрүүлж цахимаар төвсөө эхлүүлэх үйл ажиллагаа болж байгаад баяртай байна.

Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100,000 орчим төрийн албан хаагч Боловсролын салбарт ажилладаг.

Нөгөө талаар Боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг.

Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг.

Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм.

Боловсролын салбарын төсөв ийнхүү цахимд шилжсэнээр жил бүр төсөвлөдөг 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэх, мөн 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь сурагчдын сурах орчин, сургалтын чанар хүртээмжид шууд зарцуулагдаж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой анхны алхам болж байна.

Зөв төсөв байж түүнээс зөв бодлого байна. Зөв бодлогоос зөв үр дүн гарна.

Монгол Улсад байгаа цэцэрлэг сургуулийн тоо өнөөдөр 2,500-д хүрсэн байна.

Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Тиймээс цахим төсөв нь боловсролын салбарт гарч байгаа том хэмнэлт гэж ойлгож болно” хэмээв.

Н.Батаа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн