Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахын зэрэгцээ хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.
Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсангүй. Иймд эдгээр хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг олон нийтэд мэдээлж байна.
Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш дор дурдсан ХК-ийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.