Олимпын гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн газрын урд талын гүүрний доод замыг үерийн усыг зайлуулах зорилгоор сэтэлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ “Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынхан өчигдөржин ажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд устай болчихсон. Голыг боогоод байгаа хэсгүүдэд уг нь хоолойтой. Замыг нь сэтэлсэн хэсэгт миний санаж байгаагаар 1000-ын 4 хоолойтой. Гэвч усны зарцуулалтыг дийлэхгүй байгаа юм. Тиймээс замыг сэтлэхээс өөр арга байхгүй болсон. Онцгой байдлын газар дүгнэлт гаргаад өнөөдөр өглөө гүүрний доод талын замыг сэтэлсэн. Замыг хаасан.” гэсэн мэдээлэл өгсөн байна.
Л.Баяр