Бага насандаа хүүхдүүд аав ээждээ туслах маш дуртай байдаг. Аяга угаах, шал цэвэрлэх, тоос арчих гээд л…
Ээждээ тус болох гэж ажил хийсэн хэдий ч төсөөлөө ч үгүй байтал аяга, таваг унаж хагарсанд хүүдэд аль хэдийн гэмшил төрсөн байгаа. Тэгтэл хажуунаас нь “Дайран дээр давс” гэгчээр “Юу хийгээд байгаа юм! Хэн чамайг туслаад өг гэж гуйсан юм? Чи явж тогло! Одоо болсон болохоор зүгээр л сууж бай” гэж ээждээ загнуулж орхив.
Гэхдээ та зэмлэхээ азнаарай. Таваг хагалсан гээд л асуудлыг зэмлэл, шийтгэлээр дуусгах юм бол хүүхэд танд дахин туслах хүсэл төрөхгүй. Харин та “Хмм, таваг хагарчихдаг нь тоогүй” гэх мэтээр харамсаж буйгаа илэрхийлээд хүүхдийг гэмтээхгүйн тулд хагарсан тавагны хэлтэрхийг цэвэрлэх хэрэгтэй. Наснаас нь шалтгаалаад цэвэрлэх ажилдаа туслуулж ч болно. “Маш сайн цэвэрлэсэн таваг нь хагарчээ, хайран” гэх зэргээр сэтгэлийг нь засахыг хичээгээрэй.
Түүний дараа энэ боломжийг ашиглан аяга, таваг зэргийг унагааж хагалалгүйгээр сайн зөөх, угаах аргыг зааж өгөөрэй. “Ингэж хоёр гараараа энэ талаас нь барина гэсэн үг”, “Энэ дээд талыг нь заавал барих хэрэгтэй шүү” гэж бодитоор харуулан тайлбарлаж өгнө. Тэгээд “Энэ аягыг тэнд тавиад өгөөч” гэж дахин нэг удаа санал тавиад “Өө, энэ удаад унагаалгүй сайн хийлээ” гэж урамшуулаарай.
Тэгэх юм бол хүүхэд “Дараагийн удаа илүү болгоомжтойгоор ээждээ тусалж өгдөг хэрэг” гэж урам зориг орох болно. Ээждээ туслах нь “бусдад тус болох” гэдэг зүйлийн үнэ цэнийг сурах сайхан завшаан болдог. Харин “Аягаа угаасан сайн хүүхэд” гэдэг хоосон магтаалаас илүүтэйгээр “Чи тусласан болохоор ээж нь0 ядарсангүй”, “Чи тусласан учраас л үнэхээр хурдан хийлээ” гэх зэрэг бодит урам өгөөрэй.
Хүүхдэд “Сайн хүүхэд” гэдэг магтаал сонсохыг хүссэндээ хийсэн үйлдэл биш , “Энэ зүйлд тусалж өгвөл хэн нэгэн баярлаж, хэн нэгэнд тус болох учраас” гэж бодож, хандах ХАНДЛАГА үлдэх нь чухал.
Нэгэн ээж ногоотой хоол хийхээр болжээ. Тэгээд хүүдээ лууван, сонгино, төмс гээд хэрэгтэй зүйлсээ цээжлүүлээд аваад ир гээд гаргав. Тэгтэл хүү хамгийн чухал зүйл болох төмс мартаж орхижээ.
“Яагаад мартсан юм?” “Дахиад явчихаад ир. Энэ удаад ном ёсоор нь аваад ир. Оройн хоол бүр оройтох нь байна. Хурдхан шиг яваарай” энэ мэтээр хэлэхийг хүсэж байгаа ч гэсэн дэлгүүр явсан нь хүү өөрөө ээждээ тус болохыг хүссэн учраас хийсэн үйлдэл шүү дээ. “Авч ирээгүй” гэж зэмлэх эсвэл, “дахиад яваад ир” гэж захирах нь тохиромжгүй.
Хүүхдийн тус болохыг хүсээд хийсэн үйлдэлд зөвхөн үр дүнг л хүлээх юм бол эцэстээ хүүхдийн ээждээ туслахыг хүсэх сэтгэл бага багаар алга болох болно.
“Төмсөө мартсан ч бусад зүйлсийг нь бүгдийг аваад иржээ. Ёстой их тус боллоо” хэмээн марталгүйгээр, заавал баярласан сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Түүний дараа хүүхдээсээ ийн асууж болно. “Төмсгүй ногоотой шөл жоохон амтгүй болох байх. Эсвэл хуурга ч гэсэн хийх үү?”
“Дараагийн удаа мартахгүй бол сайн шүү. Яавал мартахгүй байх бол..?” хэмээн ярилцаж цаасан дээр тэмдэглэн явах, авах зүйлсээ тоогоор нь тогтоон цээжлэх гэх мэт аргуудыг зааж өгөөрэй.
Бага насны хүүхдээ ойр зуурт гүйлгэх, гуйлт гуйх (туслуулах) нь бодитоор тус болоосой гэж хүссэн сэтгэлээс илүүтэйгээр тэднийг шинэ зүйлтэй тулгарч, шинэ зүйл сурах, арга эзэмшихэд гол ач тус нь байгаа шүү. Тийм учраас хэлсэн зүйлийг тань сайн хийж чадаагүй ч гэсэн хүүхдэдээ талархаж, урамшуулж байхаа мартуузай.
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч, багш)
Т. Номин (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн менежер, багш)