Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт саналаа өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгд, цар тахалтай амаргүй үед зохиогдон явагдаж байна. Иргэдийн оролцоо, идэвх маш сайн байна. Өмнө сонгуулиудаас сонгогчдын ирц маш өндөр явж байна. Үүнээс харахад иргэд сонгогчид сонгуульдаа хариуцлагатай хандаж байгаагийн тод илрэл юм. Хоёрт, Монгол Улс 1992 оноос хойш анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна.
Иргэн хэнийг сонгох тухайн хүний эрхийн асуудал гэвч цагаан сонголт хийх нь сайн арга биш. Тийм учраас иргэд хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих нь зүйтэй. Нэг удаа сонгууль зохион байгуулахад маш их хөрөнгө мөнгө шаардагддаг. Монгол Улсын хувьд цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хүндрэлтэй энэ үед дахин дахин сонгууль хийх нь эрүүл мэнд, эдийн засаг гээд бүх талаараа ашиггүй учир иргэд хариуцлагатай хандах хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр