Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 2017.06.30 өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээс Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, мэдээлэлдээ Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт олгоод байна. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг – юаны своп хэлцлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, Солонгос зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм. Эдгээр төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийг ашиглан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэгт туссан эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсөв мөнгөний бодлогын шинэчлэл хийх зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлсэн гэдгээ дурдлаа.
Түүнчлэн ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эдийн засгийг тогтворжуулж, банкны салбарыг бэхжүүлэх, дунд хугацааны тогтвортой өсөлтийн суурийг тавьж, өрийн зохистой түвшинг хангах зорилтыг дэвшүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хувьд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдийн орлогын ялгааг бууруулах, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах зорилгоор хувь хүний орлогын албан татварыг орлогын хэмжээнээс хамааруулж шатлалтайгаар ногдуулах, нөгөө талаас бага орлоготой иргэдээ дэмжих чиглэлээр татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр бодлогын өөрчлөлт хийсэн. Нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, сахилга батыг сайжруулах хүрээнд үндэсний хэмжээнд мөрдөх хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, төрийн байгууллагуудын зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг уян хатан зарцуулах журмыг мөрдүүллээ.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, насны хишиг, боловсролын сангийн зээл, хүүгийн зардлын шилжүүлгийг бүрэн санхүүжүүлж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр санхүүгийн салбарыг тогтвортой байлгаж, хугацаа тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг шийдвэрлэх, өрийн хямралд орох эрсдлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ийнхүү Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахаас сэргийлж, цаашид зээлжих зэрэглэл нэмэгдэн, хөрөнгө оруулалтын орчин сайжрах суурийг бүрдүүллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ онцлов.
Мөн энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг дурдсан.
Тухайлбал, эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавьсан. Монгол Улсын эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрсэн. Мөн валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2350 төгрөг болж буурсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн Хөгжлийн банк алдагдалд орж, дампуурах нөхцөлд орсон байсныг цэгцэлж, Хөгжлийн банкыг үндсэндээ дахин шинэчилж байгуулав. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг Улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэв. Хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдуулсан. Банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүллээ.
Төсөв болон мөнгөний зохистой бодлого, эдийн засгийг сэргээх бодлого, Олон улсын байгууллагуудын дэмжлэг, Засгийн газрын зөв шийдвэртэй бодлогын дүнд тулгарч болзошгүй байсан дампуурлын эрсдэлийг арилгав. 2016 оны 12 сард дуудагдаж байсан 550 сая ам.долларын зээл, 2017 оны 03 дугаар сарын 580 сая ам.долларын бондын төлбөр, 2017 оны 08 дугаар сард хугацаа дуусан дуудагдах хоёр тэрбум шахам ам.долларын Хятадын ардын банкны своп хэлцлийн хугацааг сунгав. 2021 он гэхэд улсын өрийг ДНБ-ий 60 хувиас бага түвшинд хүргэж, цаашид үргэлжлүүлэн бууруулна гэж байлаа.
2016 төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байсныг төсвийн тодотголоор залруулж, зардлыг хасах болон зарим хөтөлбөрийг зогсоох замаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 15 хувь болгон бууруулсан. Төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээлийг дотоод, гадаадаас авч санхүүжүүлж байснаар зөвхөн 2016 онд төсвийн алдагдлыг 3.6 их наяд төгрөгийн өрөөр санхүүжүүлсэн. Өмнө авсан эдгээр зээлийн зөвхөн хүүгийн зардалд нэг их наяд төгрөг буюу төсвийн орлогын таван төгрөг тутмын нэг төгрөгийг төлж байна. Төсвийн алдагдлыг цаашид 2017 онд ДНБ-ий 10.4, 2018 онд 9.5, 2020 оны эцэст ДНБ-ий 5.1 хувь болгон бууруулна гэж Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа.
Мөн эдийн засгийн зөв, тууштай бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай байна. Эдийн засагт их хэмжээний эрсдэл үүсч, тодорхойгүй байдал бий болсноос 2016 оны дунд үе гэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас гадна манай дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж байсан. 2016 оны сүүлийн улирал, 2017 оны эхний хагаст бий болсон эдийн засгийн өсөлт, тогтворжилт, төр засагт итгэх итгэл сэргэсний улмаас эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсч, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ гэж байлаа.
Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх бодлогын үр дүнд 2017 оны зургаан сарын байдлаар Засгийн газрын гадаад бондын хүү 6.5 хувь, дотоод бондын хүү 12 хувь болж буурлаа. Ойрын хугацаанд хувийн хэвшлийн зээлийн хүү эрс буурч, арилжааны банкны хүү дунджаар 16 хувь орчимд хүрч, бизнесийн зардал, дарамт буурахаар байна.
Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүй иргэдийн тоог 20 хувиар буурууллаа. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж тус тус буураад байна. Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж байна. 2016 онд банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.5 хувь болж өссөн нь буурч 2017 оны 4 сарын байдлаар 8.5 хувь орчим боллоо.
Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нөхцөлийг сайжрууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэй яриа хэлцэл хийсний дүнд нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлсэн. Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 оны 05 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрлээ. Энэ онд экспортлох нүүрсийг 30 сая тоннд хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлов.
Төсвийн орлого 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелсээр ирлээ. Төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлдэг болов. Өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд нь гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг авч чадахгүй олон сар, жил дамнах байдал хавтгайрсан байсныг зогсоож, Засгийн газар төлбөрөө цаг тухайд нь, хоцроохгүй чирэгдүүлэхгүй хийх горимд шилжлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг олон сараар олгохгүй хоцроох, тухайн жилийн санхүүжилтийг бүрэн олгохгүй байсан доголдолыг таслан зогсоов. 2013-2016 оны хоёрдугаар хагас хүртэл орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгийн 80 орчим хувийг хугацаа хоцруулан өгч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш санхүүжилтийг сар бүрт нь бүрэн олгож байгаа аж.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлт, хандлага гарч эхэлж байна. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд макро эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагаас гадна хөтөлбөрийн хамгийн гол ач тус нь Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлж, төрөлжилтийг бий болгох, цаашид түүхий эдийн үнийн савалгаанаас үүдсэн хямралыг хохирол багатай даван туулах эдийн засгийн дархлаатай болсон байх, эдийн засаг маань огцом савлахгүй байх орчинг бүрдүүлж байгаад оршино гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэлдээ дурдав.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс 2017 оны хоёрдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг сэхээний тасагт байснаа одоо ердийн тасагруу шилжлээ гэж хэлж байлаа. Ингэж хэлэх болсон үндэслэл юу болохыг сонирхохоор асуулга тавьсан маань энэ. ОУВС-ийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүн ч сайн байна. Төсвийн орлого биелж, валютын ханш тогтворжиж, эдийн засгийн өсөлт 4,2 хувьд хүрсэн нь багагүй амжилт. Ерөнхий сайд мэдээлэлдээ 400 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж хэллээ. Миний хувьд эдийн засгийн өсөлт иргэндээ, айл гэр бүрт хүрээсэй гэж хүсч байна. Тиймээс өндөр настны тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгөний хүрээг тэлэхэд анхаарч, асуудлыг шийдэж ажиллаасай гэж байлаа.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Хуулийн төсөлд тусгагдсан нэр, томъёог НҮБ, ЮНЕСКО Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан баримт бичгүүдэд заасан нэр томъёоны тодорхойлолтод нийцүүлэн томъёоллыг сайжруулж, спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих талаар Ажлын хэсгээс санал гаргасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 40 саналын томъёоллоор санал хураав.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн хуулийн үйлчлэх хүрээнд “Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, “Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулаагүй спортын холбоодын спортын үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн агуулгыг шинээр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Мөн төслийн 22 дугаар зүйлийг хасч, төсөлд 23 дугаар буюу “23.1 Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчдын оролцоотой мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулж болно” гэсэн зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төсөлд зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохицуулсан 14 дүгээр зүйл нэмэх, төслийн дөрөвдүгээр бүлгийн нэрийг “Спортын үйл ажиллагаа” болгон өөрчилж, сургалт дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах агуулга бүхий 16 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Мөн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн жилд санхүүжилт аваагүй даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд төлбөрийн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортын мэдээллийн цахим санг үүсгэн, биеийн тамир, спортын салбартай холбоотой бүхий л мэдээллийг багтаах, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлэгийг авав.
Үргэлжлүүлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Монгол Улсыг сурталчилан таниулах спортын төрлүүдэд төрөөс холбогдох санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага спортын заал, талбай, түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон албан татварын хөнгөлөлт үзүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Ингээд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг батлав
Дараа нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжсэн. Иймд Байнгын хорооны саналаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.