“Зөв ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат Коронавирусийн халдвараар өвчилж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байна. Тус намаас нэр дэвшигч ийнхүү иргэдтэй хийх уулзалтаа зогсоож, үлдсэн хугацаанд цахим хэлбэрээр сурталчилгаагаа явуулах уриалгыг гаргаад байна.
Түүний энэхүү уриалгыг МАН дэмжиж, өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа зөвхөн цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулах болсноо мэдэгдээд байна. Энэ тухайгаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Ерөнхий менежер Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр “МАН-ын зүгээс Хөдөлмөрийн үндэсний намын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс зогсоож байна” гэжээ.