2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамжийн корпорацийн судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга У Сэ Иль, мэргэжилтэн И Юн Жи нар төвийн дарга Д.Баярмандах болон холбогдох мэргэжилтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийв. Тус Хөдөлмөр, халамжийн корпораци нь үйлдвэрийн ослын нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн халамжийн үйл ажиллагаа зэргийг хариуцан хэрэгжүүлдэг хөдөлмөр эрхэлж буй ажилчдад түшиг тулгуур болсон нэн чухал үйл ажиллагаа бүхий байгууллага юм.
Энэ удаагийн уулзалтаар Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголын иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, осолд өртсөн иргэдэд үйлдвэрийн ослын даатгалаас нөхөн олговор олгуулах, эмчилгээ сувилгааны зардал, болон эмчилгээтэй байх хугацааны цалинг 70 хувиар олгох, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн олговор зэргийг олгох асуудлыг шийдвэрлэдэг байгууллагын хувьд манай улсын иргэдэд чиглэсэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээг үзүүлэх тал дээр илүү дэмжиж, хамтран ажиллах тухай ярилцлаа.
Төвийн мэргэжилтнүүдийг үйлдвэрийн ослын нөхөн олговрын шинэчлэгдсэн хууль тогтоомжуудын талаар мэдээ мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, үйлдвэрийн осолд өртсөн Монгол иргэдийн тоо, нөхөн олговор олгуулсан статистик тоон мэдээ мэдээллийг хамгийн сүүлийн үеийн байдлаар боловсруулан өгөх зэрэг нэн чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо. Цаашид хоёр байгууллага Монгол Улсын хөдөлмөрийн гэрээт ажилчдын эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах, үйлдвэрийн ослын нөхөн олговрыг олгоход илүү идэвхийлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болох Азийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын нийгэмлэгийн гишүүн 10 орны хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтанд төвийн даргыг хүрэлцэн ирж Монгол Улсын хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах сэдвээр санал бодлоо солилцохыг хүсэв. Тус олон улсын нийгэмлэг нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гишүүн 10 орны 2 дахь нь Монгол Улс юм.