.ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт тавьсан гэх асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан GoGo.Mn сайтад мэдээлэл өгсөн байна.
Тэрээр “Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээллээр жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог байна. “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд СЭМҮТ-өөс “хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн.
Тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна” гэсэн юм.
Харин үүний дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт гаргаагүй гэсэн мэдээлэл өглөө.
Тэрээр “Цахим орчинд PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлтийг ЦЕГ-аас хүсэлт гаргасан гэх мэдээлэл явагдаж байна. Энэ мэдээлэл дээр албан ёсны няцаалт өгье. Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ асуудал дээр хаалгах, хүсэлт гаргаагүй. Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, аллага хүчирхийлэлд уруу татсан, өсвөр насны хүүхдүүд байдаг нууц групп, зарын фэйж хуудсуудыг хаах саналыг цагдаагийн байгууллага явуулж байгаа” гэсэн юм.
Нэг байгууллага ийнхүү хоёр өөр мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэхүү тоглоомыг хориглох талаар ямар нэгэн алхам хийх болов уу гэсэн хүлээлт ялангуяа эцэг эхчүүдийн дунд бий. Харин өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан GoGo.Mn сайтад PUBG, DOTA-2, CSGO тоглоомын сүлжээг хаах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх таатай мэдээллийг өгсөн боловч, ХМА-аас нь үгүйсгээд байна.
Ер нь бол дээрх тоглоомыг Энэтхэг, Япон Ирак, Пакистан, БНХАУ, БНСУ-ууд хүүхдэд аюултай, хэт их цус асгаруулсан, донтуулах шинж чанартай, тэдний бие, оюун санаанд сөрөг нөлөөтэй гэж үзээд хориглосон байдаг юм байна.
Л.Баяр