Зуны сайхан цаг жам ёсоороо ирлээ. Хүүхдүүд амраад цөөнгүй хонож байгаа. Хөдөө эмээ, өвөөгийндөө зусдаг хүүхдүүд аль хэдийнэ явцгаасан. Айлууд зусландаа гарч, аялал зугаалгын улиралтай зэрэгцээд хүмүүс амралтаа авч Монгол нутгаараа аялахаар замд гарна. Хотын хөдөлгөөн багасч, хөдөөг зорих машины цуваа нэмэгдэнэ. Зуны цагт хүүхдүүдэд хийх юм тун бага болчихдог. Зориод очих сургалтын төвүүд ч амралтын байдалд шилждэг болохоор тэдний хувьд чөлөөт цагийн зөв өнгөрөөх цөөхөн газрын нэг нь хүүхдийн зуслан болж таардаг. Зуны улиралд хүүхдээ амраая хэмээн төлөвлөж байгаа ээж аавуудад зориулж хүүхдүүдийн зуслангуудын талаарх багц мэдээллийг хүргэе.
“НАЙРАМДАЛ” ЗУСЛАН: Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан эхний ээлжээ энэ сарын эхээр авсан. Зуслангийн амралт долоо хоног үргэлжилдэг. Эхний гурван ээлжинд 8-12 настай хүүхдүүдийг бүртгэдэг. 12-14 настай хүүхдүүд дөрөв, тавдугаар ээлжээр амарч болно. Тавдугаар ээлж олон улсынх. ОХУ, БНХАУ, Канад, Япон, Солонгос зэрэг орны 250 гаруй хүүхэд ирж амардаг. Тиймээс тус ээлжинд амрах хүүхдүүд гадаад найзуудтай болох боломжтой. Тус ээлжийнхэн арав хоног амрадаг. Зургаа, долдугаар ээлжинд 16-18 насныхан амардаг. Гурван насны ангилалынхан өөр өөр үнэ төлдөг. Энэ зусланд амрах хүүхдүүд ээлжээ эхлэхээс долоо хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн поликлиникт эрүүл мэндийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
“ХИЛЧИН” ЗУСЛАН: Улаанбаатар хотоос 38 км зайд битүү ногоон зүлэгтэй, өнгийн цэцэгс алагласан, хөхөө шувуу донгодсон байгалийн сайхан бүрдсэн үзэсгэлэнтэй Богд Дүнжингарав уулын өвөрт байрладаг “Хилчин “хүүхдийн зуслан нь нэг ээлжиндээ 90-100 хүүхэд амраах тохилог байр, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хоолны заалтай, витаминлаг амт чанар сайтай хоолоор үйлчилдэг. Биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн талбай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зуслангийн үйл ажиллагааг ахлах, дунд, бага ангид хувааж, мэргэжлийн багш нараар батлагдсан сургалт, хүмүүжлийн ажил явуулахаас гадна биеийн тамир, гоо сайхны хүмүүжил олгох хичээл, уралдаан тэмцээн, явган аялал хийх, байгаль орчноо хамгаалах, эх оронч хүмүүжил, төлөвшил олгох сургалтуудыг зохион байгуулж явуулдаг.
“НАРЛАГ” ЗУСЛАН: 1985 онд байгуулагдсан тус зуслан Тэрэлжид байдаг. Мэлхий хадны дэргэд Хүүхэн уулын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Нэгдүгээр ээлж нь зургадугаар сарын 13-наас эхэлж долоо хоног үргэлжилнэ. Наймдугаар сарын 20 хүртэл есөн ээлжээр амрагчдаа хүлээж авахаар төлөвлөжээ. Тус зуслан хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон хөгжлийн хөтөлбөртэй. Бас орчин үеийн тоноглолтой диско заал, спорт танхимтай аж.
“УНДРАА” ЗУСЛАН: Хүүхэд хөгжлийн гэх тодотголтой тус зуслан 22 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хотоос 27 км-ийн зайтай Хандгайтын зүүн аманд байдаг. Зургаан бүлэгтэй, бүлэг бүртээ дөрвөн тасагтай. Нэг тасагт арван хүүхэд амардаг. Нэг ээлжиндээ 250-270 хүүхэд хүлээж авна. Мэргэжлийн багш, эмч, тогоочтой. Жил бүр шинэлэг хөтөлбөртэйгээр хүүхдүүдээ хүлээж авдаг учраас Хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас 2012 оны “Шилдэгийн шилдэг зуслан”, 2013 оны “Хүүхдэд ээлтэй зуслан” болж байсан.
“МӨРӨӨДӨЛ” ЗУСЛАН: Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Мөрөөдөл” зуслан англи хэл, сагсан бөмбөгийн хослосон сургалттай. Америк, монгол мэргэжлийн багш нартай. Олон улсын зуслан учраас гадаад орноос амрахаар ирсэн хүүхдүүдтэй танилцаж хэлний мэдлэгээ дээшлүүлж болох юм байна. Бүх ээлж долоо хоногийн хөтөлбөртэй бөгөөд төлбөр нь 250 мянган төгрөг. Эхний ээлж зургадугаар сарын 11-нд эхэлнэ. Тус зусланд амрахаар ирсэн хүүхдүүдэд “Дуулиан-2020”-ын хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэх юм байна.
Монголын зуслангуудын холбооны 2011 оны шилдэг зуслан, Америкийн хүүхдийн зуслангуудын холбооны гишүүн бөгөөд хүүхдийн баяраас өмнө бүртгүүлсэн амрагчдад хөнгөлөлттэй үнэ санал болгож байгаа ажээ. 300 хүүхдийн багтаамжтай “Мөрөөдөл” зуслантай харилцах утас: 312895, 321033.
“ЯНЗАГА” ЗУСЛАН: Хандгайтын аманд байрлах “Янзага” ууган зуслангуудын нэг. 35 жил үйл ажиллагаа явуулахдаа 30 гаруй мянган хүүхдийг амраажээ. Нийслэлээс 26 км-ийн зайд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээж авдаг. Амрагч хүүхдүүддээ зориулан олон төрлийн спортын арга хэмжээ зохиохоос гадна англи хэлний дүрмийн болон ярианы дадлага олгох хөтөлбөртэй. Бас мэтгэлцээний, байгаль хамгааллын, эрүүл мэндийн, спортын, амьдрах ухааны, харилцааны, танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй.
“ДЭЛГЭР” ЗУСЛАН: Төв аймгийн Жаргалант суманд байрлах тус зуслан нийслэлээс 137 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 100-120 хүүхэд авдаг. Ойн бүсэд байрладаг учраас эко орчинд зугаалж ургамал, амьтан судлах боломжтой. Бас нэг давуу тал нь цэнгэг уст нууртай учраас завиар аялал хийж болох юм байна. Хүүхдүүд долоо хоног амрах бөгөөд өдөр бүр олимп, авьяасын хур, монгол ёс заншлаас суралцъя, эко аялал, би чадна, дурсамж гэх үндсэн сэдвийн хүрээн дор амралтаа өнгөрүүлнэ.
“ЖАВХЛАНТ” ЗУСЛАН: Нийслэлээс 63 км-ийн зайд буюу Тэрэлжид байдаг. Мэлхий хад, Гүнжийн сүм, дүүжин гүүр, хүүхэн хад, гурван найзын агуйтай ойролцоо учраас тус зусланд амарч буй хүүхдүүд дээрх байгалийн үзэсгэлэнт газраар аялна.
“ЦОГЛОГ” ЗУСЛАН: Англи хэлний ярианы дадлага олгох сургалттай. Англи багштай учраас хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Бас фото болон киноны хичээлд суралцах юм байна. Амрах хугацаандаа усанд сэлэлт, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэх боломжтой. Нэг ээлжиндээ арав хоног амрах бөгөөд бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдах ажээ. Байгалийн үзэсгэлэнт Хараа голын эрэг дээр буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 290 дүгээр өртөөнд байрладаг.
“ЦАГААН НУГА” ЗУСЛАН: “Ойдов” хөгжил сангийн дэргэдэх уг зуслан Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Сөгнөгөрийн голын хөвөөнд байдаг. Амрахаар ирсэн хүүхдүүддээ эрүүл чийрэг бие бялдартай байхад зориулсан тусгай хөтөлбөр зохиожээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэхээс гадна өглөө бүр фитнесийн зааланд цагаа өнгөрөөх боломжтой. Бүлгийн багшаар нь СУИС-ийн соёл урлагийн удирдлагын ангийн оюутнууд ажилладаг.
“ШОНХОР” ЗУСЛАН: Уг зусланд амрахаар ирсэн хүүхдүүдийг аав ээж нь дагаж ирж болно. Хүүхдүүдээ зусланд амраангаа гүүний саам ууж, ой мод, голоор зугаалж жимс, мөөг түүх боломжтой. Амарч буй хүүхдүүдийн дунд БХИС-ийн нэрэмжит цэргийн “Марш тактикийн тэмцээн” болдог. Тэмцээний ялагчид тус сургуульд элсэн суралцах эрхтэй болдог ажээ. Хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй, англи хэлний сургалттай уг зуслан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд буюу нийслэлээс 115 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээж авдаг. www.nac.gov.mn