Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Дунд-Говь, Архангай аймгуудад хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх зорилготой цахим сургалтыг 2021 оны 06 сарын 02-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, тэдний гэр бүлийг хөгжүүлэхэд дэлхийн 60 гаруй улсад хэрэгжүүлж ирсэн Портеж хөтөлбөрийг орон нутгийн сургагч багшид эзэмшүүлэх юм. Сургалтын үйл ажиллагааг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир Ховд аймгаас цахимаар холбогдлоо.
Тус сургалтыг Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний багийн сургагч багш нар, төслийн аймаг тус бүрээс төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээний мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн бүрэлдэхүүнтэй нийт 70 гаруй оролцогчтойгоор зохион байгуулж байна.
Эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх нийт 32 цагийн сургалт 2021 оны 06 дугаар сарын 11-нийг дуустал 8 хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: ХНХЯ