Монгол Улс зургадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээж байгаагаа олон улсад зарласан билээ. Тэгвэл хил нээгдэж байгаатай холбоотойгоор зорчигчдод ямар шаардлага тавих талаар тодрууллаа.
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болсон. Бусад улстай дипломат гэрээ хэлэлцээр хийж байна. Монгол Улс хилээ нээж, виз мэдүүлэг авч байгаа талаар мэдээллийг гаднын Элчин сайдын яамдад хүргүүлж байна.
Монгол Улс гадаадаас ирэх иргэдэд заавал вакцины давтан тунд хамрагд гэж шаардахгүй байгаа. Дэлхийн бусад улс ч ийм шаардлага тавихгүй байгаа юм. Гаднын иргэд, жуулчид давтан тундаа хамрагдаад 14 хоногоос дээш хоносон бол гэрийн ажиглалтад 7 хоног байна. Харин вакциндаа бүрэн хамрагдаагүй, мутацитай бүс нутгаас ирж байгаа бол ирээд 14 хоног тусгаарлах нь зүйтэй гэсэн ЭМЯ-ны саналыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Вакцины бүрэн тунд хамрагдаагүй ч ногоон бүсээс ирж байгаа иргэд, жуулчид ирээд 7 хоног тусгаарлагдана.