Конавирусын халдварын нөхцөл байдал Булган аймагт хүндэрчээ. Тавдугаар сарын 28-ны байдлаар халвар авсан хүний тоо 154 –д хүрч, хоёр хүн нас баржээ. Аймагт нь халдварын тархалт нэмэгдэж байхад аймгийн Онцгой коммисыг ахалдаг аймгийн дарга нар олон хоног ажилдаа ирээгүй, ЗДТГ нь эзгүйрсэн байна.
Булганд ковид-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, гомдол, саналууд олноор ирсэн тул УОК шийдвэр гаргаж, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Ажлын баг нөхцөл байдал хүндэрсэн Булган аймаг руу томилоод байна. Энэ ажлын баг аймгийн Онцгой комисс, шуурхай штабын ажлыг урагшуулж, заавар зөвлөгөө өгч, шаардлагатай шийдвэрийг гарган гурав дахь өдөртөө тус аймагт ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын зарласан аймгийн Онцгой комиссын хуралд Булганы дарга нар эзгүй учраас оролцсонгүй.
Булган Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь энэ сарын 26-нд Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат тамирчин цол гардан авсан. Монголын самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Булганы Засаг дарга гавьяат тамирчин цол авахаасаа өмнө Нийслэлд ирж, цолоо хүлээн авсан ч хотоос Булган руу буцаагүй олон хоножээ. Булганы Засаг даргын орлогчыг Д.Жаргалсайхан гэдэг.
Хутаг-Өндөр сумын харьяат Д.Жаргалсайхан нь нутагтаа хувийн бизнестэй, тариа тарьдаг учраас ургац тариалалтын сезон таарч байгаа учраас тариан талбай руугаа явчихсан, Булганы хэмжээнд аймгийн удирдлагын үүргийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат л гүйцэтгэж байсан нөхцөл байдал УОК-ын ажлын багийг угтжээ.
Эзгүйд нь аймгийн хэмжээнд гарах ёстой тушаал шийдвэр, хэрэгжих ёстой ажлууд царцан Ковид-19 халдвар нэмэгдэж байхад шагналын хөөрлөөр хот руу яваад сураг тасарсан үүрэг хариуцлагаа мэдэрдэггүй Засаг дарга, үр тариа суулгах хувийн бизнесээ бодоод хөдөөг зорьсон хувийн сонирхолтой Засаг даргын орлогч нар Булганд ирээгүй байна. Тэднийг эзгүйд ковид-19 халдвар 168-д хүрч, 2 хүн нас барлаа. Халдварын тархалтыг сул тавьж, онцгой шийдвэрүүд царцаасны бурууг хэн хариуцах вэ?
Д.СОЛОНГО