Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэг ажлаас нь түр түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Гэвч уг шийдвэрийг Н.Түвшинбаяр эсэргүүцэж, тамга тэмдгээ авч зугтаасан тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тодруулга өглөө.
Тэрээр “Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. Учир нь Олон улсын олимпын хорооноос бидэнд “Энэ асуудалд ямар ёс зүйн хариуцлага тооцож байгаа мөн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпын ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцэх болно шүү” гэх захидлыг удаа дараа ирүүлсэн. Үүний дагуу Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч энэ шийдвэр гарч байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпын хороо руу “Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэх утга бүхий бичиг явуулчихаад тамгаа авч явсан байна.
Бид дотооддоо ярилцан Н.Түвшинбаяр аваргад шаардах хуудас мэдэгдлийн хамт өгсөн. Хэрэв тамгыг буцааж өгөхгүй бол хууль журмын дагуу тамгаа олж авна. Хэрэв тамганы асуудал шийдэгдэхгүй бол манай улсын тамирчид олимпын наадамд өөрсдийн туг, далбааг барьж зогсох боломжгүй болох юм. Тодруулбал цагаан тугны дор зогсох байдалд хүрч болзошгүй” гэлээ.
Эх сурвалж: Itoim.mn