Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Хүүхдийн баяр” тохиож байна.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.
1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
Манай улс ” Хүүхдийн баяр”-ыг анх 1950-1951 онуудад тус өдөрт анхаарал хандуулж байсан тухай Montsame.mn сайт дурдсан байна.
Тодруулбал,
Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтыг судлахад Монгол Улсад 1950-1951 онуудад тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл хомс байна. Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Үнэн” сонины эхний нүүрэнд тэргүүн өгүүлэл, 2-3 дугаар нүүрт манай орны болон ЗХУ-ын хүүхдүүдийн аж амьдрал, сургууль боловсролын талаар өгүүлэл нийтлэгдсэн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэв.
Харин 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажиллагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна гэжээ.
Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, 1995 оноос эхлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг “Эх үрсийн баяр” хэмээн тэмдэглэх болсон. Гэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ-аар “Эх үрсийн баяр”-ыг албан ёсоор цуцалж, “Хүүхдийн баяр” болгосон байдаг.
Жил бүр уг өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулан нийсэлэлийн төв талбайд “Монгол хүүхдүүд” ёслолыг зохион байгуулдаг ч 2020 он боло энэ онд “COVID-19”-өөс үүдэн цуцлагдсан. Улмаар хүүхдийн баярыг гэртээ тэмдэглэхийг холбогдох байгууллагууд уриалаад байгаа юм.
М.Лхагвабаяр