Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмэнд импортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.
Мөн элэгний Д вирусийн эсрэг “Bulevirtide (Hepcludex)” эмийг өнчин эмийн жагсаалтад оруулах асуудлыг дэмжив. Ингэснээр манай улсад уг эмийг бүртгэхгүйгээр яаралтай оруулж ирж, эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.
Түүнчлэн импортын болон үндэсний үйлдвэрийн эмийн бүртгэл, бүртгэлийн сунгалт, өөрчлөлтийн нийт 100 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ОХУ-ын SARS-CoV-2 вирусийн эсрэг “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор боллоо. Хурлын төгсгөлд Эм судлалын салбар зөвлөл 2020 оны ажлын тайлангаа танилцуулсан юм.