Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийхээр 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв.
Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.
ОХУ-ын БН Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн Улаан-Үд хотноо хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯам