Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Хишигсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Маш сайхан байна. Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би 6 хүүхэдтэй. 5 сайхан охин, 1 хүүгийн ээж байна. Бага нь 1 ой 10 сартай, том нь 13 настай.
-Эх хүн байхын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Юун түрүүнд энэхүү эрхэм хүндтэй шагналыг хамт авсан, авах бүх ээжүүддээ халуун баяр хүргэе. Ээж хүн гэдэг агуу том ертөнц л гэж хэлмээр байна.
-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.
– Чадахаасаа чадахгүйг хүртэл ээжүүд маань өөрсдөө бүхнийг хийж байдаг болохоор хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг. Болдог бол өмнөөс нь өвдмөөр тийм л хэцүү мэдрэмж шүү.
-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?
-Би өдөр болгон аз жаргалтай байдаг. Өнөр өтгөн гэр бүл байхын сайхан нь гэр маань үргэлж инээд хөөрөөр бялхаж байдаг даа. Би 4 хүүхэдтэй айлын том охин болохоор олуулаа байх дуртай. Тэр нь сайхан байдаг. Охидуудтай байх гоё. Учир нь юу ч болсон бүгд эмэгтэй болохоор тал талаас “одоо тэгье, одоо ингээрэй ээж ээ” гээд их зөвлөгөө өгнө. /Инээв/.
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?
-Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг.
-Баярлалаа.