Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн татварын албаны ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад, ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгээ онцолсон. Үүнд үндэсний компаниудыг давуу байдалтай оролцуулна гэв. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд татварын албаныхны үүрэг оролцоо их гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль, эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа засаглалын хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярив. Тэрбээр мөн нийслэлийн орлогыг бүрдүүлж байгаа татварын албаныханд талархсанаа илэрхийлээд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгч нарт дарамт учруулах бус, бүх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй гэлээ.
Үүний дараа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, татварын нэгдсэн системийг бий болгосон нь томоохон дэвшилтэт ажил болсон талаар онцоллоо. Мөн татвар хураалтын үйлчилгээг цахимжуулсан байна. Энэ жилийн хувьд татварын боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүний хүрээнд сургалт, сурталчилгааны нэлээдгүй ажлыг зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, татварын албаны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсэж байсан юм. Хан-Уул дүүргийн Татварын албаны хувьд өөрийн гэсэн байргүй учраас ажиллахад хүндрэлтэй байдаг гэж байлаа. Тиймээс Хотын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, энэ талаарх тооцоо, судалгааг танилцуулах үүргийг Нийслэлийн Татварын газрын даргад үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС