Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал асан Д.Нямхүү ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан.
Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.05.27/ Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хурлыг хэлэлцжээ. Улмаар хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан учраас шүүх хурлыг зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшуулах шийдвэр гаргасан байна.
Түүнийг нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, дөнгөж төрсөн эмэгтэйг шалдан нүцгэн авч явсан хариуцлагаа хүлээж засаг огцорсон юм.
Д.Нямхүү өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж ийнхүү шүүхэд хандаад байна.
Л.Баяр