Хойд Солонгосын эрх бүхий нэгэн албан тушаалтан хэдхэн хоногийн өмнө Хятадын тариа хийлгээд нас баржээ. Үүний улмаас тус улсын удирдагч Ким Чен Ун уурлаж, Хятадын эм бэлдмэлийг улс орондоо хэрэглэхийг хориглохоор болжээ.
Өмнөд Солонгосын Daily NK хэвлэл тавдугаар сарын 20-нд мэдэгдэхдээ тавдугаар сарын эхээр БНАСАУ-ын нэгэн өндөр албан тушаалтан Пхеньяны анагаахын их сургуулийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан гэнэ. 60 настай тэрээр зүрхний өвчинтэй, артерийн даралт ихтэй байжээ. Түүнчлэн биеийн байдал нь муу байсан тул Хятадын үйлдвэрийн кокарбоксилаз (cocarboxylase) бэлдмэл судсаар нь тарьжээ. Энэ бэлдмэл нь ядаргаа тайлах үйлчилгээ Хойд Солонгост уушгины өвчлөл, даралт ихдэх, тэр ч бүү хэл халдварт өвчний үед хэрэглэдэг байна. Гэтэл эрх бүхий этгээд нь энэ тариаг хийлгэсэн даруйдаа гэнэт нас барсан аж. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна.
Хойд Солонгос улс олон улсын хоригууд, түүнчлэн COVID-19-ийн вирусийн цар тахал зэргээс болоод өдгөө импортын эм бэлдмэл авч чадахгүйд хүрээд буй. Тус улсын төрөөс импортын эм бэлдмэлийг эх орныхоо үйлдвэрийн бэлдмэлээр орлуулахыг хичээж байгаа ч иргэд нь Хойд Солонгосынхоо бэлдмэлд төдийлөн итгэхгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр уг албан тушаалтныг эмчлэгч эм эхэндээ эх орны үйлдвэрийн бэлдмэл хэрэглэх гэж байсан боловч эмнэлгийн бусад ажилтнууд нь өндөр албан тушаалтнуудад ийм бэлдмэл тарих нь буруу гээд Хятадад хийснийг хийхээр болсон гэнэ.
Нас барсан албан тушаалт нь Ким Чен Ирийн үеэс эхлэн эдийн засгийн салбарт томоохон албан тушаал хашиж, Хөдөлмөрийн намынхаа итгэлийг олсон, Ким Чен Уны итгэж явдаг хүмүүсийн нэг байсан аж.
Хойд Солонгосын томоохон албан тушаалтан нас барсныг мэдсэн удирдагч нь уурлаад, Пхеньяны бүх том эмнэлгийг Хятадын бэлдмэл хэрэглэхийг хоригложээ. Үүнээс гадна тэрбээр COVID-19-ийн вакцин боловсруулахад нь олгосон Хятадаас ирсэн вакцины бүх дээжийг хаях тушаал өгчээ.
Одоогийн байдлаар БНАСАУ-ын төр засгаас Пхеньяны анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэг яг хаанаас Хятадын вакцин импортолж оруулж ирснийг тогтоож байна. Шалгалтаар нийслэлийн эмнэлгүүдэд ч эм бэлдмэлийн хадгалалтын нөхцөл алдагддаг болох нь илэрчээ. Зарим бэлдмэлийг бага температурт хадгалах ёстой байхад тасалгааны температурт хадгалсан, мөн хөлдөөгчинд байх ёстой эм бэлдмэлүүд цахилгааныг нь байн байн салгадгаас болоод шаардлагатай хэмжээнд хөрж амжаагүй байдаг нь тогтоогджээ.
Эх сурвалжийн хэлснээр Хойд Солонгос ДЭМБ-аас COVID-19-ийн вакцины тусламж авсан ч хадгалалт дээр нь асуудал үүсэх магадлал өндөр байна.
Эх сурвалж: www.epochtimes.ru
Орчуулсан Э.Март