Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгож алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.
Дадлага сургууль Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдад аврах ажиллагааны автомашин техник хэрэгсэл, багаж хэрэгслийн ТТӨ танилцуулах, Аврах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, удирдлага, зохион байгуулалт, Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах /хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канал татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах/, Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагаа, Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа, Авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, Давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тархи, нуруу нугасны гэмтэл, мөчдийн хугарал, цус алдалт, даралттай боолт, универсал чиг тавих, вакум матраас ашиглаж нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд явагдана.
Тус дадлага сургуульд Аврах ангийн 60 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27- ноос 31-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.