ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.27-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
-Оргил үеийн тархалтыг дагаад хүндрэл болон нас баралт нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд ямар ч байсан тархалтын тохиолдлын тоо буурсан. 14-21 хоногийн дараагаас нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Үүний дагуу нас баралтын тоо харьцангуй буурч байгаа. Гэвч эргээд давалгаа үүсэх хандлага бий болж байна. Хэрэв шинэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд байна.
Дүүрэг болон өрхийн эмнэлгүүд ойрын хавьтлын шинжилгээг 80-90 хувийн хамрагдалттайгаар маш сайн хийж байгаа. Улаанбаатар хотын хувьд зорилтот бүлгийн нийт хүн амын 99 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан. Улмаар зургадугаар сарын 1-н гэхэд хоёрдугаар тундаа бүрэн хамрагдах дүр зураг байгаа. Эсрэг заалттай, эсвэл эргэлзсэн байдлаар вакцинжуулалтад хамрагдахгүй иргэд байгаа. Эдгээр иргэд вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаад ирвэл гарах эрсдэл болон бүртгэгдэх тохиолдлын тоо эрс буурах бүрэн боломжтой гэж харж байна.
Вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүн амын 0.5 хувь буюу 9000 орчим иргэн коронавирусийн халдвар авсан. Хоёрдугаар тунд хамрагдсан иргэд ч өвчлөх эрсдэлтэй. Манай улсад хоёрдугаар тунд хамрагдсаны дараа халдвар авсан 3000 гаруй иргэн байгаа. Үүнээс 900 гаруй хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа халдвар авсан. Гэхдээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байна.
Л.Баяр