ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан суурин төлөөлөгч Фүжита Эри, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ахлах зохицуулагч Чиба Хисао, Хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзлаа.
Уг уулзалтад Жайка байгууллагаас нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудал, дэмжлэгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид дунд болон урт хугацаанд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай суурь судалгааны талаар сайдад товч мэдээлэл өгөв.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа үр дүнтэй судалгаа хийж байгаад талархлаа илэрхийлж, МУ-ын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдсан олон асуудлын хамгийн чухал нь халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хэсэгт халамжийг оновчтой хүргэх, халамж авдаг хөдөлмөрийн насны иргэдийг цаашид хөдөлмөр эрхэлдэг болгох хөшүүргийг бий болгох явдал юм.
Товчхондоо манай ЗГ-ын хувьд “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зорилтыг тавиад байна. Бид эдгээр зорилтыг хангах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд ялангуяа ядуу өрх, иргэний хэрэгцээнд нийцсэн халамжийн үйлчилгээг бий болгох зорилт тавьж байгааг онцлов.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зорилтот бүлгийн өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрах чадварыг дээшлүүлж хөдөлмөрийн зах зээлд шилжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд ЖАЙКА байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Эх сурвалж: ХНХЯам