Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1,2 сая, дасгалжуулагчдын цалинг 1,5 сая төгрөг болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа олон нийтэд танилцууллаа.
Тэрбээр “Олимп, паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, үндэсний шигшээ багынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Тодруулбал, Токио-2020 зуны олимпод паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сард 1.5 сая төгрөг болгож, цаашид тамирчдын цалинг 1.2 сая төгрөг, дасгалжуулагчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэхээр боллоо.
Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хороо гаргах боломжтой гэж үзэж байгаа” гэв.
Н.Батаа